Баянхонгор аймгийн Засаг даргад Э.Энхбатыг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилжээ

Баянхонгор аймгийн Засаг даргад Э.Энхбатыг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилжээ

2020 оноос хойш Баянхонгор аймгийн Засаг даргаар ажилласан Д.Мөнхсайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өгч Ерөнхий сайдын ажлын албанд ирж ажиллахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл өчигдөр /2025.12.01/ Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдаан болж, аймгийн Засаг даргаар Э.Энхбатыг ажиллуулахаар 35 төлөөлөгч 100 хувийн саналаар сонгосон байна. Э.Энхбат нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон, 2020-2025 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилласан бөгөөд аймгийн Засаг даргаар томилж ажиллуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг уламжилжээ. Тэрбээр МУИС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 2001 онд Улаанбаатар хотод “Хоол хүнсний тусламж” олон улсын байгууллагад нягтлан бодогчоор, 2002-2007 онд “Мерси кор” олон улсын байгууллагын говийн санаачилга хөтөлбөрийн төлөөлөгчийн хөтөлбөрийн газарт захиргаа санхүүгийн ажилтан, 2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч, 2012 -2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар,  2016-2020 онд Чандмань-Баянхонгор ХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан аж.