“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” Эрхүү хотноо энэ өдрүүдэд болж байна.
Чуулга уулзалтаар нийт 11 салбар, чиглэлийн 72 төсөл, арга хэмжээг багтаасан “Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-2030 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан гэдгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар зарлалаа.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол, Орос хоёр улсын худалдааны тэнцлийн зөрүүг бууруулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр тал идэвхтэй ажиллаж, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай худалдааны түр хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын зохицуулалт бус, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн түвшний хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх бодит хэрэгцээг хангаж байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурч, хүртээмж сайжрах нөхцөл бүрэлдэнэ. Хоёр тал худалдааны түр хэлэлцээрийг үр ашигтай хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж, нягт хамтран ажиллаж байна. Дээрх санаачилгуудтай уялдуулан Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогын хүрээнд реформын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх, жижиг, дунд болон гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлж, бизнесийн орчныг бүх түвшинд сайжруулахад чиглэх юм. Өнөөдрийн хэлэлцүүлэг, уулзалтууд нь бизнес эрхлэгчид болон бүс нутгийн удирдлагуудад шинэ түншлэл тогтоох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг эхлүүлэх өргөн боломж олгож буйгаараа онцлог юм. Үүний зэрэгцээ эдийн засаг, шинжлэх ухаан, техник, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын мэдээлэл солилцоо, харилцаа холбоо илүү идэвхжиж, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд чиглэнэ. Эдгээр санаачилгыг бодит зорилт, тодорхой үйл ажиллагаатай уялдуулан үр дүнд хүргэхэд өнөөдөр батлагдаж буй 11 салбар, чиглэлийн 72 төсөл, арга хэмжээг багтаасан “Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-2030 оны дунд хугацааны хөтөлбөр” стратегийн хамтын ажиллагааг дараагийн шатанд аваачих чухал алхам болж буйг онцлох нь зүйтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн өндөр түвшний тохиролцооны үр дүнд өнөөдрийн энэхүү чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулга уулзалт нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа Монгол, Оросын харилцааны салшгүй хэсэг болж байгааг харуулж байна. Мөн хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх, цаашлаад “Их Евразийн түншлэл” санаачилгын уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Дэлхий дахинд геополитик болон гео-эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж, худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний тодорхойгүй нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудал анхаарлын төвд байгаа энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага урьд өмнөхөөс илүү тавигдаж байна. Иймд Монгол Улс, ОХУ-ын бүс нутгууд дэд бүтэц, тээвэр, логистикийн чиглэлд уялдаа холбоогоо сайжруулж, харилцан ашигтай боломжуудыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн тулд илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэв.

“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” хүрээнд “Монгол, Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжийг нээх нь”, “Монгол Улс болон ОХУ-ын бүс нутгуудын Евразийн орон зайд нэгдсэн харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг”, “Монгол, Оросын аялал жуулчлалын боломжийг хөгжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, асуулт хариултын хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулга уулзалтын үеэр B2B (бизнес эрхлэгч хоорондын) уулзалтууд болж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн 250 орчим төлөөлөгч оролцсон юм.