Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.11.28) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барсүрэнгийн Баасандоржийг чөлөөлж, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лувсандоржийн Өлзийсайханыг томиллоо.
Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд баяр хүргэж, Тамгын газрын тамгыг гардуулан өгөв. Тэрбээр, өмнө нь Улсын Их Хурлын Тамгын газрыг удирдаж байсан, парламентын гал тогооны ажил, онцлогийг сайн мэддэг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан туршлагатай, мэргэшсэн хуульчид ажлаа хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна гээд ажлын амжилт хүслээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлтийг хэрэгжүүлж, анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурлын гарааг амжилттай тавьсанд түүнд баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Хууль зүйн ухааны доктор, професор Л.Өлзийсайхан 1998 оноос эхлэн УБИС болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж, Улсын Их Хурлын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удирдах ажил эрхэлж байсан бөгөөд 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан, төрийн ажлын арвин туршлагатай, мэргэшсэн хуульч юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.