Х.Тэмүүжин: УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга 126 гишүүнтэй ажиллах хүн учраас АН-ын бүлэг уг томилгоог хэлэлцэх ёстой. Гэнэтийн байна

Х.Тэмүүжин: УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга 126 гишүүнтэй ажиллах хүн учраас АН-ын бүлэг уг томилгоог хэлэлцэх ёстой. Гэнэтийн байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2025.11.28/ хуралдаанаар Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Л.Өлзийсайханыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн томилох болсон учир тэрбээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг ийнхүү хэлэлцсэн юм. 

Үргэлжлүүлэн түүнийг УИХ ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Парламентад ёс, парламентын засаглалын талаар судалгаа хийж мэргэшсэн цөөн хүмүүсийн нэг бол Л.Өлзийсайхан. Лүндээжанцан гишүүний парламентын тухай маш сайн бүтээлүүд байдаг. Түүнтэй онолын хувьд эн зэрэгцэхүйц бүтээл бол Л.Өлзийсайханых. Парламентч байна гэдэг нь олон сонгогдохоосоо илүү парламентын хил хязгаарыг манаж чаддаг, парламентын дархлаанд цочирдож, сэтгэл зовж чаддаг, хэн нэгэн дураараа хууль тогтоох эрх мэдлийг эдлээд байхаас сэрэмжилж чаддаг сэтгэхүйтэй хүмүүсийн хийдэг ажил. 

МАН-ын гурван хурлын дунд УИХ хамгийн ихээр хохирлоо. УИХ-ын бүрэн эрхийг гурван тийш нь салгаж шидээд Үндсэн хуулинд байгаа Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр хуралдаж шийдвэр гаргадаг эрхийг нь Үндсэн хуулийн цэц хорьж байхад энэ талаар сэхээрч бодсон хүн 126 хүн дотор цөөн байлаа. Парламент Монгол Улсад байгаа эсэх дээр ирэх хэмжээний зөрчил гарлаа. Ерөнхий нарийн бичгийн даргыг солих гэж байгаа юм байна. УИХ-ын даргыг томилогдоход Ардчилсан намын бүлэг нэг үг хэлсэн. Парламентын дархлаа амин, сүнсийг УИХ-ын дарга авч явдаг. Дэлхий нийтээр спикер төв ч байх зарчим үйлчилдэг. Парламент бол олон намын төлөөлөл, олон ургалч үзлийн индэр. Л.Өлзийсайханыг дэмжиж байна. УИХ-ын Дэгийн зөвлөх гэдэг албан тушаалд томилгоо хийх гэж байна. Намын бүлэг УИХ-ын албан ёсны бүтэц. Шийдвэрийг гаргахын тулд албан ёсны бүтцээрээ хуралддаг. Сүүлийн үед УИХ-ын даргын дэргэдэх бүтэц хуралдахгүйгээр вайбер группт шийдвэр гаргадаг боллоо. Хэрвээ энэ байдал чинь албан ёсны болж байгаа юм  бол 126 гишүүн энд хуралдах шаардлагагүй вайбер групп дээрээ хэлэлцүүлгээ хийж, саналаа хураах хэрэгтэй шүү дээ. Буруу жишиг дэгийг эвдэж байна. 

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргын асуудал бол 126 гишүүнтэй холбоотой асуудал. Энэ асуудлаар бүлэг хуралдаагүй байна. Эрх барьж байгаа намын дарга, намын бүлэг шийдчихээрээ бүхнийг шийдчихэж байна гэж ойлгох хэрэггүй. Тиймээс бид завсарлага авмаар байн" гэлээ. 

Харин УИХ-ын дарга Н.Учрал " УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, тэргүүн дэд дарга Ариунхур нар өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Би шахаагүй шүү. УИХ-ын даргын хуулийн зөвлөхүүд бүгд өргөдлөө өгсөн нөхцөл байдалтай байна. Би хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ерөнхий нарийн бичгийн даргаараа  Л.Өлзийсайханыг санал болгосон юм. МАН-ын бүлгээс улс төрийн шийдвэр гаргаагүй. УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал учраас танилцуулаад хэлэлцээд явж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн намууд бүлгээрээ авч хэлэлцээд байх нь цаашид ажиллахад нь бэрхшээлтэй болно. Гурван хоногийн завсарлага өгөх нь УИХ-ын даргыг ажлаа явуулахад хүндрэлтэй байгаа юм. Тиймээс хоёр цагийн завсарлага өглөө. Өмнө нь нэг ч удаа ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог намын бүлгээр хэлэлцэж байгаа юм билээ шүү" гэлээ. 

ҮЗЭХ: