Өнгөрсөн сарын 01-ний өдөр /2025.10.01/ МАН-ын Хяналтын хороо хуралдаж Б.Энхбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг гаргасан.
Учир нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ УИХ-ын дарга, МАН-ын даргад нэр дэвшээд буй Д.Амарбаясгалангийн нүүрсний хэрэгт холбогдсон байж магадгүй зарим асуудлыг ярьсан юм.
Иймд МАН-ын Бага хурлын гишүүн н.Цогтгэрэл тэргүүтэй иргэд "Б.Энхбаярыг МАН-аас хөөх" гарын үсгийг Тусгаар тогтнолын ордонд цуглуулж улмаар үүнд үндэслэн түүнийг намын гишүүнээс нь чөлөөлсөн. Тэгвэл МАН-ын шинэ Хяналтын хороо хуралдаж Б.Энхбаярыг хөөсөн шийдвэрийг хүчингүй болгожээ. Хяналтын хорооноос гаргасан шийдвэрт, "МАН-ын нэр хүндийг гутаасан үйлдэл, эс үйлдэхүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг МАН-ын Ёс зүйн дүрэмд заасны дагуу хянан шалгаж тогтоогоогүй, Ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчилд дүгнэлт, зөвлөмж гаргаагүй, маргагч тал болох Б.Энхбаяр гишүүнийг тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хуралдаанд биечлэн оролцох эрхүүдийг хангаагүй, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны ажиллах журмыг ноцтой зөрчиж тус тогтоол гарсан гэж үзсэн" гэжээ.

