Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.11.25) хуралдаан гишүүдийн 53.1 хувийн ирцтэйгээр 16 цаг 41 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн тул төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан.
Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.9-д “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасан байгааг тэрбээр төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд дурдав. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Засгийн газар болон нийлүүлэгч компаниудаас тус улсын дотоодын зах зээлийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлттэй холбоотойгоор гаргасан экспортын хязгаарлалт, үйлдвэрлэлийн процесс, ээлжит засвар, төлөвлөгөөт ажлаас шалтгаалсан нийлүүлэлтийн хэмжээний бууруулалт зэрэг арга хэмжээнүүд нь манай улсын шатахууны хангамжийн тогтвортой байдалд шууд нөлөөлж, тасалдал, хомсдол үүсгэн, эрэлтийг нэмэгдүүлж, үнийн хэлбэлзлийг үүсгэдэг болохыг мөн дурдсан. Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон хэрэглэж, жилд 21 хувиар өссөн бол 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар импортын хэмжээ 2.3 сая тоннд хүрээд байгаа аж.
Ард иргэдийн өргөн хэрэглээний АИ92 авто бензиний хэрэглээ 2024 оны байдлаар сард дунджаар 60 мянган тонн байсан бол 2025 оны байдлаар сард дунджаар 80 мянган тонн хүрч өсөөд байгаа боловч ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн гэрээний хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.доллароор 1 тонн тутмыг тогтмол үнээр импортолж байгаа гэлээ. АИ92 авто бензиний сард нийлүүлэх хэмжээ тодорхой шалтгааны улмаас 60 мянган тонноор хязгаарлагдаж, нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгааг Г.Дамдинням сайд төслийн танилцуулгынхаа үеэр мэдээлэв. Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад дизель түлшний хэрэглээ сард 140 мянган тоннд хүрч байгаа аж. Иймд хэрэглээнд дутагдаж буй 20 мянган тонн орчим АИ92 авто бензин, 25 мянган тонн орчим дизель түлшийг хэрэглээг бусад эх үүсвэр буюу БНХАУ-аас худалдан авч хангах шаардлагатай болжээ.
Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад улсын хэмжээнд багадаа 30-аас доошгүй хоногийн тогтмол нөөцтэй байх, нөөцийг бүрдүүлэх хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх хүрээнд импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурджээ. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, шуурхай шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай болох хэрэгцээтэй байгааг танилцууллаа.
Иймд олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болох шатахууны хангамж нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, тасалдал, хомсдолоос урьдчилан сэргийлэх, даван туулах арга хэмжээг тодорхойлох, нөөцийг бүрдүүлэх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа гээд, шатахууны нөөц сав барих эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэхэд нийтдээ 1 их наяд 60 тэрбум төгрөг шаардлагатай, Төв банктай төслийн хүрээн дэх зохицуулалтын талаар зөвшилцсөн эсэхийг тодруулсан. Хуулийн төслөөр
- Монголбанк стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох;
- Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байгааг ажлын хэсгээс тодотгоод, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хүүгийн нэгдсэн бодлоготой нийцнэ гэдэг хариултыг өгсөн.
Энэ хүрээнд Засгийн газар болон Монголбанканд ямар нэг өр үүсэхгүй гэдгийг Г.Дамдинням сайд тайлбарласан. Р.Сэддорж дарга орон нутаг дахь нефтийн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийн нөхцөл байдлын талаар тодруулж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт авсан. Орон нутаг дахь нефтийн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг бүрэн хянаж ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгээс мэдээлээд “Өчигдрийн байдлаар 40 орчим суманд АИ92 авто бензин хязгаарлалттай олгож байгааг сайжруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд буюу долоо хоногтоо шийдэх боломжтой гэж тооцсон. Гэхдээ түгээлт тасралтгүй үргэлжилдэг болохоор нэг газар хүргэж байхад нөгөө газар дуусаж байдаг онцлог бий” гэдэг хариултыг өгсөн.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.