Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол ирэх сарын 16-нд болохоор тогтжээ

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол ирэх сарын 16-нд болохоор тогтжээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.11.25) хуралдаан гишүүдийн 53.1 хувийн ирцтэйгээр 16 цаг 41 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах хүсэлтээ ирүүлснийг Р.Сэддорж дарга танилцуулаад, эл хүсэлтэд үндэслэн холбогдох төслийг боловсруулсан хэмээн танилцууллаа.

Байнгын хорооны төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжиж, “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан юм.

Үргэлжлүүлэн “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүлээн авахаар, тус сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тусгасан төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулав.

Байнгын хорооны төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын 2021 оны 07 сарын 02 өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай” 58 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг хүссэн. Иймд Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.9 хувь нь уг саналыг дэмжсэн тул “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь тус тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.