Өнөөдөр /2025.11.26/ Анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохиож байна. Энэ өдөр 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдийн "Иргэний андгай өргөх" ёслол уламжлал ёсоор Төрийн ордонд боллоо. Өнөө жил нийт 63137 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч байгаагаас төлөөлөл болж 872 сурагч Төрийн ордны их танхимд "Иргэний андгай"-г өргөхөөр хүрэлцэн иржээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар " Түүхт 101 жилийн ойн хүрээнд та бүхэн үе тэнгийн хүүхдүүдээ төлөөлж, эх орныхоо өмнө хариуцлага хүлээж бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн болж "Иргэний андгай" өргөх гэж байна. Энэ бол зүгээр нэг ёслол биш. Энэ бол та бүхний улс эх оронтойгоо хийж буй анхны тань том гэрээ, ирээдүйдээ тавьж буй амлалт, андгай юм. Түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн болж байна. Монгол Улсын иргэн болно гэдэг нь үнэмлэх авах тухай биш. Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж явах андгай амлалт, эх орныхоо ирээдүйг хариуцаж буй ухамсар юм. Монгол Улсын хамгийн үнэт баялаг бол эрүүл, ёс зүйтэй, боловсролтой, авьяас чадвартай залуус та бүхэн юм. Монголын хүчирхэг оюун санаа сэрсэн байхыг бид мэдэрч, шинэ итгэл гэж үзэж байгаа. Өнөөдөр Монголын залуус И спортын дэлхийн аварга болж, 3X3 сагсны тэмцээнд амжилттай оролцож, математикийн олимпиад, оюуны спорт, шинжлэх ухаан, старт-ап, техник технологийн салбарт эх орныхоо нэрийг өндөрт дуурсгаж байна. physical asia тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. Мөн Silk way дууны тэмцээнд дуучин Мишээл түрүүлж байна. Энэ бол тохиолдол биш. Харин монгол хүний хүч зориг, авьяас, тэсвэр ухаан дэлхийд үнэлэгдэж байгаагийн бодит илрэл юм. Энэ бол Монголын сэргэн мандалын эхлэл юм. Та бүхэн шинэ түүхийн эзэд юм. Тийм ч учраас манай Засгийн газар уриагаа "Шинэ итгэл-Эрс шинэчлэл" гэж нэрлэсэн" гэлээ.
ШУУД: