Нэг сарын өмнө шатахуун хомстож төр засаг, иргэд аль аль талдаа хүнд нөхцөл байдалд орсон. Эл байдал дээрдэж 14 хоносон уу, үгүй юу ойрын өдрүүдэд зарим шатахуун түгээх станциуд шатахуунгүй болж иргэд дахин эрэлд гарсан юм.
-ОХУ-Д НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН УЧИР БНХАУ-ААС ШАТАХУУН АВНА. ТЭР ТОХИОЛДОЛД ҮНЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ ГЭХ ТУЛГАЛТЫГ АЖ, АХУЙ НЭГЖҮҮД ХИЙЖЭЭ-
Хомстолын гол шалтгаан нь ОХУ-ын хэд, хэдэн нефтийн үйлдвэр бөмбөгдөлтөд өртөж, дотоодод нь нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой. Үүнтэй холбоотойгоор манай улс руу ирэх шатахууны хэмжээ багасаж байгаа нь бодитой аж. ОХУ-аас авах шатахууныг БНХАУ-аас нөхөж болох талаар ярьж буй ч тэндээс чанартай, үнэ өндөр Евро шатахууныг авчрах учир шатахууны үнэд өөрчлөлт орж магадгүй талаар ч албаныхан ярилцсан байна. Тодруулбал, хоёр өдрийн өмнө "Үнийн зөвлөл" хуралдсан бөгөөд уг хуралд оролцсон аж, ахуй нэгжийн төлөөлөл БНХАУ-аас шатахуун авчрах учир үнэ нэмэхээс өөр аргагүй гэх байр суурийг илэрхийлсэн тухай мэдээлэл ч байгаа юм.
Энэ мэт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ сарын 25-ны өдөр /2025.11.25/ "Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл"-ийг өргөн барив.Уг хуулийн гол зорилго нь нэмэлтээр нөөц бүрдүүлдэг болох түүнд шаардлагатай агуулах савыг бэлтгэх, аж, ахуй нэгжүүдэд зээл олгох хамгийн гол нь төр өөрөө шатахууны нөөцөө хянах эрх зүйн орчныг бүрдүүлэх аж.
-ХУУЛЬД "ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН БӨӨНИЙ АГУУЛАХАД ХЯНАЛТ ТАВИХ, ТҮГЭЭХ АЖЛЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛНА" ГЭЖ ЗААСАН БАЙНА-
Тодруулбал, эл хуулийн 7.1.3-т "Газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах" гэж заасан байна. Өнөөдрийн байдлаар төрд гаалиар орж ирсэн шатахууны тоо хэмжээ л байна. Тийм ч учраас нийлүүлэлт байхад дотоодод тасалдал үүсч, нөхцөл байдал хүндрэхэд аль нэг компанийг зориудаар хомстол үүсгэлээ гэж харддаг. Ингэхдээ баримт байдаггүй. Өнгөрсөн өдрүүдэд л гэхэд гурван аж, ахуй нэгжийг зориудаар хомстол үүсгэсэн гэж үзэн шүүхэд өгсөн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдсэн. Тэгэхээр эл хууль хэрэгжиж эхэлбэл, аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад төрөөс хяналт тавьж үнэхээр шатахуунгүй болсон уу эсвэл зориудаар хомстол үүсгээд байна уу гэдгийг олж мэддэг болох нь. Цаашлаад 7.1.4-т "Энэ хуулийн 7.1.3-т заасан чиг үүргийн хүрээнд импортын бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох" гэж заасан байна. Үүгээр бол шаардлагатай тохиолдолд аж ахуй нэгжүүдийн борлуулах бүтээгдэхүүний хэмжээг төрөөс тогтоож өгөх юм байна. Хэрвээ шаардлага гарвал Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасан "Нөөцөөс бараа, материалыг зориулалтын дагуу гаргах, нөхөн бүрдүүлэх шийдвэрийг гаргах" аж.
Тэгэхээр энэ хэсэг бүхэлдээ бодитоор хомстол үүссэн үү эсвэл хэдхэн компани хуйвалдаад улс орон даяар иргэдэд хүндрэл учруулдаг уу гэдгийг цаашид хянахад л зориулагдах нь. Эл хуулийг 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хуулийг зөрчвөл Эрүүгийн, Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах аж.
Төрөөс компаниудын шатахууны нөөцөд шууд хяналт тавьдаг болж байгаагийнхаа хариуд хөнгөлттэй зээлийг олгодог болох аж. Тодруулбал, төрөөс аж, ахуй нэгжүүдтэй хамтран 30-аас доошгүй хоногийн тогтмол нөөцийг бүрдүүлдэг болно. Үүнд шаардлагтай дэд бүтэц, агуулах сав, татан авчрах бүтээгдэхүүний зардал гээд хөрөнгө шаардлагатай. Шатахууны нөөц сав барих эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэхэд нийтдээ 1 их наяд 60 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Монголбанк газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох юм байна.
Энэ талаар хуулийн төслийн 8.1-д "Заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтооно" гэж заажээ. Хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.