Г.Занданшатар: Томуу, томуу төст өвчний тохиолдол цаашид нэмэгдвэл ирэх 7 хоногоос хичээлийг цахимд шилжүүлнэ

Г.Занданшатар: Томуу, томуу төст өвчний тохиолдол цаашид нэмэгдвэл ирэх 7 хоногоос хичээлийг цахимд шилжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа.

Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ-наас танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв. 

Боловсролын сайд П.Наранбаяр "12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа" гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонсоод эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй, улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо. Хэрвээ хичээлийг цахимд шилжүүлэхээр болбол сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын яаманд чиглэл болгов.