Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон бөгөөд МАН-ын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нар томилогдсон.
Харин орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгов. Улмаар Нарийн бичгийн даргаар сонгогдсон Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргын ажлаа өгөөд, намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж. Энэ талаараа тэрбээр, "Миний бие МАН-ын Орон тооны нарийн бичгийн дарга, УЗ-ын гишүүнээр сонгогдон ажиллах болсон тул хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргын үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөх боллоо. Өнгөрсөн хугацаанд тусалж дэмжиж хамтран ажилласан Ерөнхийлөгчийн тамгын газрын баг хамт олондоо талархал илэрхийлж та бүгдийнхээ төрийн их ажил үйлсэд нь улам өндөр амжилт хүсье. Итгэл сэтгэл дүүрэн дэмжиж, бодит шүүмжлэл хэлж улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажилласан Монголын Сэтгүүл зүйн салбарын эрхэм дотно анд найз нөхөд, ах эгч, дүү нар та бүхэндээ маш их талархаж байна. Та бүхэнтэйгээ урьдын адил хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлье. Их итгэл хүлээлгэж төрийн өндөр албан тушаалд томилон ажиллуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дарга танд гүн талархал илэрхийлж байна. Төр улсынхаа төлөө үргэлж халуун сэтгэл гарган зүтгэдэг таны удирдлага дор өнгөрсөн цаг хугацаанд хамтарч ажилласан нь миний хувьд том аз завшаан, үнэнхүү нэр төрийн хэрэг байлаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлсэн олон ажлуудаа тууштай үргэлжлүүлэх таны их үйлсэд улам өндөр амжилт хүсье. Их Монгол Улсын гал голомт, Тусгаар тогтнол үүрд мандан бадрах болтугай" гэжээ.