ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн Баасан гарагт /2025.11.07/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “HERO Б.Баатар гэдэг нөхөр иргэн Э, Г нарт захиалга өгч Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн хэрэг шалгагдаж байгаа. Иргэн Г нь гадагшаа зугтсан бол Э нь цагдан хоригдсон. Би энэ талаар ирэх Даваа гаригт хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө. Тэгэхдээ тодорхой баримттай дүрс бичлэг үзүүлнэ” гэж мэдээлсэн. Үүний дагуу ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн даваа гарагт /2025.11.10/ мэдээлэл хийх байсан ч ханиад хүрч, хоолой нь өвдсөн учраас Ерөнхий сайдаас чөлөө авсан.
Тэгвэл тэрбээр тус мэдээллээ яг одоо /2025.11.12/ Төрийн ордонд өглөө.
ВИДЕО:
-Д.АМАРБАЯСГАЛАНГ ГУРВАН ЗҮЙЛ АНГИАР ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН. ТЭРБЭЭР ЯЛЛАХ ТОГТООЛТОЙГООР ТАНИЛЦАЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН-
Тэрбээр энэ үеэр " Миний бие 2025 оны есдүгээр сарын 25-ны өдөр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах Б.Баатар нартай холбогдох тодорхой асуудлын талаар мэдээлэл хийсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу мессеж илгээх гэж байгаад өөр хүн рүү андуурч явуулсан. Тэр хүнийг гэрчийн хамгаалалтад авах тухай, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Орчны бохирдлын үндэсний хорооны даргаар ажиллаж байх үед "Админерал" гэх компанитай холбоотой хурлын проткол, шийдвэрүүд устгагдсан талаар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах Б.Баатар нарын 50/50 хувийн өмчлөлтэй “Херо Энтертайнмент” компанийн үйл ажиллагаагаа явуулдаг “Гэрэгэ таур”-ын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн байж болзошгүй үйл баримтын талаар тус, тус ярьсан. Миний бие одоогоос 17 хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байна. Томилогдсоноос хойшхи хугацаанд өмнө нь ярьсан асуудлуудын араас уйгагүй ажиллаж байгаа тухай нотлох баримттайгаар та бүхэнд танилцуулъя.
Юуны өмнө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн холбогдох гэмт хэргийн шинжтэй холбоотой асуудлыг гурван зүйл ангиар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн яллагдагчаар татсан бөгөөд тэрбээр яллах тогтоолтойгоо танилцаж гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл авагдсан байгаа.

-"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ДЭРГЭД ОХИН КОМПАНИ БАЙГУУЛЖ, БОРТЭЭГИЙГ ОЛОН УЛСЫН БИРЖ ДЭЭР АРИЛЖАХ ГЭХЭД ЦУЦАЛСАН. ХЭРВЭЭ ОЛОН УЛСЫН БИРЖ ДЭЭР АРИЛЖСАН БОЛ АДМИНЕРАЛТАЙ ХОЛБООТОЙ ХУЛГАЙ ГАРАХГҮЙ БАЙСАН-
“Лхагвын тойм” нэвтрүүлэгт дурдагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга руу илгээх гэж байгаад андуурсан мессеж нь мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй. Энэ баримтыг хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгнө. Уг мессежид “Одоо чиний барьц хүчээ хадгалж үлдэж чадна. Над руу, энэ компанийг сүйрүүлэхгүйгээр захиалгат алуурчин явуулж байгаа гэдгийг би чамд зөндөө хэлсэн, чи үл тоосоор ирсэн. Эсвэл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу. Энэ томилгоог алдвал “Эрдэнэс Тавантолгой” –н 50 хувийг алдсан гэсэн үг. Юун том төсөл, том хөрөнгө, том ирээдүй. No no шүү даргаа. Миний найз би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг тушаал мэт хүлээн авч хатуу биелүүлж, хүлээсэн үүргээ бахархалтайгаар биелүүлсэнг бүгд мэднэ” зэргээр олон агуулгаар бичсэн. Мөн 2019 оны зургаадугаар сарын 19-ны өдөр Б.Ганхуягаас Д.Амарбаясгалан руу мессеж бичихдээ “Манай сайд /Д.Сумъяабазар/ нөгөө охин компанийн асуудлаар өнөөдөр дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтад хийсэн байна гэнээ. Та анхаарал хандуулаач тэгэх үү” гэж бичсэн. Ингэж бичсэнээс 1.50 минутын дараа “Хойшлуулсан байна гэнээ” гэсэн хариуг Д.Амарбаясгалан өгсөн. Тэгвэл энэ юуны талаар ярьж байна вэ. Энэ мессеж бичигдэж байх үед буюу 2019 оны долоодугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулж олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх шийдвэрийг гаргаж байсан. 2019 оны долоодугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой Майнинг” охин компанийг үүсгэсэн байгуулсан. Саяын мессежид дурдагдсан охин компани нь энэ юм. Улмаар уг охин компанийн нэр дээр Бортээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Засгийн газрын 146 дугаар тогтоолоор саяын охин компани байгуулах шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоолоор Бортээгийн уурхайн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, мессежээр харилцаж буй үйл баримт нь Бортээгийг хэн авах вэ гэдэг агуулга юм гэдгийг үүгээр нотолж байна.
Хэрвээ Бортээгийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй компани байгуулах хэлбэрээр ажилласан бол Адмениралыг тойрсон нүүрсний хулгайн асуудал гарахгүй байсан.
-"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИ ХОНГ КОНГИЙН КОМПАНИТАЙ 500 МЯНГАН ТОНН ТҮЛШ АВАХ ГЭРЭЭГ ХИЙСНИЙ ДАРАА ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ХОРООН ДЭЭР ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГАСАН. ЭНЭ ХУРЛЫН ПРОТКОЛ АЛГА БОЛСНЫГ БИ ОЛСОН -
Цаашлаад охин компанийг татан буулгаад Бортээгийг “Эрдэнэс Тавантолгой”-н 100 хувьд шилжүүлсэний дараа 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр тус уурхайн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ-г баталсан. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг баталсан байна. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр Бортээг уурхайн гэрээт орлогчийг сонгох шалгаруулах төлөвлөгөөг баталсан. Админерал гэх компанитай холбоотой тендерийн хууль бус шалгаруулалт явсан гэж миний хэлээд байдаг баримтуудын тухай мэдээлэл үүнээс хойш болсон гэсэн үг.
Бортээг бол Цанхийн дараа орох 400 их наядын нүүрсний нөөцтэй 100 тэрбум ам долларын үнэлгээтэй /2023 оныхоор/ том уурхай. Би “Нүүрсний сонсгол”-ын үеэр ЗГХЭГ-ын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа удирдсан хурлын проткол олдохгүй байгаа талаар ярьсан. УИХ-ын түр хороо гурван удаа, хууль хяналтын байгууллага шаардаад олдоогүй.
Энэ протколыг би олсон. Уг протколыг би хууль хяналтын байгууллагад баримтаар хүлээлгэн өгнө. Протколд “За арга хэмжээний хэрэгжилтийн хангахаар “Эрдэнэс Тавантолгой” компани болон БНХАУ-ын Хонг Конг Хэнчи компанийн хооронд ЭТТ/2022-518 дугаартай арилжааны гэрээг 2022 оны долдугаар сарын 08-ны өдөр байгуулж бүтээгдэхүүн солилцох нөхцлийг бүрдүүлсэн байна. Хонг Конг Хэнчи компанийн үйлдвэрт тус улсын Жи Пи 341702017 стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэсэн 400 мянган тонн шахмал хагас коксон түлш, 100 мянган тонн нунтаг хагас коксон түлш нийт 500 мянган тонн түлшийг Монгол Улс, БНХАУ-ын хилийн Замын Үүд-Эрээн, Ганцмод-Гашуунсухайт, Бургастай-Лао Еэ гэсэн 3 боомтоор оруулж ирэх түүнтэй дүйцэх хэмжээний түүхий нүүрсийг харилцан солилцох үйл ажиллагааг үндсэндээ эхлүүлэхэд бэлэн болсон. Албан ёсоор үндэсний хороон дээр шийдвэр гараагүй учир танилцуулга дээр ингэж орж ирсэн байна. Энэ 500 тонн түлшний яриа хэлэлцээр нэг талдаа явж байгаа бол нөгөө талаа түрүүн би хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” компани даалгавар аваад ТЭЗҮ боловсруулаад цаашаа бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд хүрээд байгаа энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалт нь 300 орчим долларын ажил. Үүнийг хийж эхлэе гэдэг эцсийн шийдвэрт хүрэхийн өмнө туршилтыг зайлшгүй хийх ёстой миний зүгээс үзэж өнөөдөр оруулж ирж байна” гэсэн байдаг.
Угтаа бол уг хурлаас 7 хоногийн өмнө буюу аравдугаар сарын 04-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” компани Хонг Конгийн компанитай нь гэрээгээ байгуулчихсан байсан.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэр гарахаас өмнө гэсэн үг. Хоёр дахь факт бол Д.Амарбаясгалан “Админералтай холбоотой юу ч мэдэхгүй учир тайлбар хийхгүй” гэж хэлж байсан бол Хонк Конг Хэнчи компанийн эзэн нь Админерал компанийн үүсгэн байгуулагч тэр нэг иргэн гэдэг нь улсын бүртгэлийн материал гарын үсгээр нотлогддог. Тэгвэл эл асуудлыг Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөндөж ярьж байсан. Тодруулбал, тэрбээр “Тэгээд Монгол чинь хүн амын бүтэц нь жижигхэн бүгдээрээ бие биеэ танина. Хаана юу болж байгааг маш сайн мэддэг. Тэгээд маш их хардамтгай. Амараа /Д.Амарбаясгалан/ дарга маань ч гэсэн энийг бас нэлээн сайн цэгцлээд өөрөө манлайлаад явах хэрэгтэй. Би Амараа аргад хэлсэн юм. Нэр холбогдоод буй Админерал компаниудаа цуцал гээд. Тэрийг цуцлах хэрэгтэй. Тийм зүйл дахиж явбал нийгэмд маш харамсалтай зүйл болно шүү. Яаж ч болохгүй байдалд орно шүү” гэсэн.

-"ХЕРО ЭНТЕРТАЙНМЕНТ ГРУПП" ХХК НЬ "ГЭРЭГЭ ТАУР"-ЫН 14 ДАВХРЫГ ДЭЭРЭМДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ АСУУДЛЫГ ШАЛГУУЛНА -
Хоёр дахь сэдэв. Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орох үеэрээ “Гэрэгэ таур”-тай холбоотой асуудлыг ярьсан. Өөрөөр хэлбэл, “Энэ оффисыг нэг иргэнээс дээрэмдсэн талаар би мэдээлэлтэй байна” гэж хэлсэн. Энэ нь хотын төвийн А зэрэглэлд байрлалтай 7359 метр кв бүхий оффисын зориулалтай барилга. 14 давхар нь 476 мкв, 15 давхар 556 мкв талбайтай. Энэ давхруудыг “Герман стандарт” компани өөр дээрээ бүртгүүлэхээр улсын бүртгэлд хандаж байжээ. Улмаар 2014 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Хаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлөөд “Герман стандарт” компанийн нэр дээр 14, 15 давхрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарч байсан. “Герман стандарт” компани болон “Херо энтэртайнмент” групп компани нь 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу 15 давхрын 556 мкв талбайг мкв-ыг 680 мянган төгрөгөөр үнэлж худалдсан байна. Нийтдээ 378 сая 80 мянган төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж байсан байна. 2018 оны аравдугаар сарын 04-12-ны хооронд 15 давхрын энэ оффисыг “Херо Энтэртайнмент” компанид шилжүүлсэн байна. 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Герман стандарт” компани “Грийнпинус” компанитай худалдах, худалдан авах гэрээг байгуулж 14 давхрын 476.6 мкв талбайг 700 сая төгрөгөөр үнэлж худалдсан байна. 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр “Херо Энтэртайнмент” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор 14 давхрын 476.6 мкв талбайтай оффисыг худалдан авахыг зөвшөөрсөн. Энэ гэрээнд гарын үсэг зурахыг Б.Баатар захиралд зөвшөөрсөн. Улмаар “Грийнпүүс” компаниас худалдан авахаар гэрээ байгуулсан. Нийт 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор “Грийнпүүс” компанид мөнгийг нь шилжүүлэх нөхцлөөр гэрээ байгуулж, худалдан авсан. Гэрээ байгуулсан өдөр үл хөдлөхөд мэдүүлэг нь гарсан. Хамгийн сонирхолтой нь худалдан авч байгаа тал нь үл хөдлөх хөрөнгийн татварыг төлөөгүй. Худалдаж байгаа тал нь 30 саяыг төлсөн. Угтаа бол 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор 1.5 тэрбумыг төлбөл нэр шилжүүлнэ гэдэг гэрээг байгуулсан боловч мөнгөө шилжүүлээгүй байхад буюу гэрээ байгуулсан өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж “Херо Энтэртайнмент” компанийн нэр дээр шилжүүлсэн байгаа юм. 14 давхрын оффисын мкв ийг 3 сая төгрөгөөр үнэлсэн. Хотын төвийн А зэрэглэлийн оффисын мкв-ыг 3 сая төгрөгөөр үнэлсэн. Тэгээд мөнгөө өгөөгүй байхад нь нэр шилжүүлсэн. Энэ асуудлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн мэдээлэл өгсөн. Тэрбээр Б.Баатар, Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзсаныхаа дараа хоригдсон. Тэрбээр асуудлыг хууль хяналтын байгууллагад мэдүүлээд явж байгаа. Миний бие уг асуудлыг өнөөдөр хуулийн байгууллагад өгч шалгуулахаа мэдэгдэж байна.

-“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д ОЛГОСОН 20 САЯ ДОЛЛАРЫН 1 САЯ 760 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫГ АВСАН ATTICUS ГЭХ КОМПАНИ "МОНГОЛ ХААН" ЖҮЖГИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН-
Миний бие “Эрдэнэс Оюу Толгой” компани нууцлалын тамгатай 20 сая доллар авсан асуудлын талаар өөрийн цахим хуудсандаа пост оруулж байсан. 2025 оны 9 сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас хууль зөрчин албаны нууцад хамааруулсан бүх зөвлөх үйлчилгээний гэрээнүүд болон тэдгээртэй холбоотой материалыг тус өдрийн дотор ил болгох арга хэмжээ авахыг “Эрдэнэс Оюу Толгой” компанид үүрэг болгосон. Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ТЕГ-аас 2025.09.26-ны өдөр зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжид "Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш хугацаанд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, Тагнуулын байгууллагаас санал авч байгаагүй болно. Нэр бүхий төрийн өмчит хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа нууцын дардсаар тэмдэглэсэн байна. Энэ нь албаны нууцад хамаарахгүй буюу байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу “Нууцалсан” мэдээлэлд хэрэглэж байгаа нь “Албаны нууцад хамаарахгүй мэдээлэлд тээгчид хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууц мэдээлэл биш байсан ТЕГ баталж байгаа юм. Мөн “Эрдэнэс Оюу толгой” компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024.09.09-ний өдрийн байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хавсралтад нууцын тамгатай мэдээллүүд байхгүй байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууцын тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээллийг хууль зөрчиж нууцад авсан байна гэдэг нь батлагдаж байна.
Мөн Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2025.10.24-ний өдөр томилогдсоны дараа дахин сайн нягтлах ёстой гэж үзсэн. Учир нь Хууль зүй дотоод хэргийн яам дээр “Эрдэнэс Оюу Толгой” компанийн 20 сая долларын зарцуулалттай холбоотой нууцын дардасны тамгатай маш их хэмжээний бичиг баримт байсан. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд 2025.11.04-ний өдөр хууль тогтоомжийн тус нууцын дардастай бичиг баримтуудыг шалгах дагуу ажлын хэсэг байгуулсан. Улмаар нийтдээ 130 хуудас нууцын дардастай баримт бичгүүдийг дүн шинжилгээ хийж, ил болгох талаар санал дүгнэлт гаргаач хэмээн ТЕГ-т хандсан. Тагнуулын байгууллагаас 2025.11.07-нд тус 130 хуудас нууцын дардастай баримтыг ил гаргахыг дэмжсэн байдаг.
2025.11.11 буюу өчигдөр ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан ЗГХЭГ-т байсан бүх албан бичиг, хурлын шийдвэрүүдийг нууцаас гаргах шийдвэр гарсан. Ийм учир өнөөдөр та бүхэнд нээлттэй танилцуулах хууль зүйн боломж бүрдсэн гэсэн үг.
2021.11.10-нд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “Гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор Эрдэнэс Оюу Толгой компанийн ирэх оны төсөвт холбогдох санхүүжилтийг тооцон тусгуулахыг "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад даалган, шийдвэрлэсэн байна”. Засгийн газар шийдвэр гаргасны маргааш Оюу толгой компанийн ТУЗ Монголын Засгийн газарт 20 сая долларыг 4 жилийн хугацаатай эргэн төлөх шийдвэр гарсан . Тус 20 сая долларыг 11 багц гэрээнд зарцуулсан. Тус 11 багц гэрээнд шинжилгээ хийж, урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр их хэмжээний мөнгийг халаасны мөнгө гэж олсон байсан. Мөн тус гэрээнүүд юунд зориулагдсан, ямар ажил хийсэн зэрэг нь тодорхойгүй, ач холбогдолгүй байгаа юм. Гэрээ гэж хэлэхэд хэцүү бичиг баримтууд байна. Нийт 20 сая доллароос "Atticus" гэх байгууллагатай 2022.03.21-2023.10.01 хүртэл дөрвөн удаагийн гэрээгээр 1 сая 760 мянган ам.долларын гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэхэд талуудын эрх үүргийн тэнцвэр байхгүй. Гэрээгээр юу хийж, хэрхэн дүгнэх нь тодорхойгүй. Тус гэрээний тайлангаа "Atticus" компани нууцын тамгатайгаар ирүүлсэн байгаа юм.
Тус дөрвөн удаагийн гэрээнд Монгол хаан жүжгийг олон улсад сурталчилсан гэх тайланг ирүүлсэн. Ингээд харвал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн хамаарал бүхий этгээдийг төрийн өмчит компаниар дамжуулан санхүүжүүлсэн гэж үзэж болохоор байгаа юм.
Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гаднын улс орнуудад хийсэн айлчлалыг "Atticus" гэх компани зохион байгуулсан байна. Монгол улсын ҮАБ-ын зөвлөлийн гишүүдийн гадаад улсад хийх айлчлал, тэр үед хэлэх үг, төлөвлөгөө “Улсын маш нууц” зэрэглэлд байдаг. Үүнийг зөвхөн Монгол улсын гадаад хэргийн яам зохион байгуулдаг. Харин Гадаад хэргийн яам тус компанитай хамтарч ажиллаагүй гэж мэдэгдэл гаргасан. Ингээд Төрийн өмчит хуулийн этгээд болох "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн гадаад байгууллагуудтай хийсэн зөвлөх үйлчилгээ худалдан авах гэрээнүүд нь Монгол Улсын эрх зүйн байдлыг дордуулсан, төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлөхүйц эрсдэл бүхий гэрээнүүд байна гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна. Ингээд үзвэл энэ бол албан тушаалын гэх хэрэг бус Үндэсний аюулгүй байдлын тухай асуудал яригдана.