Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн "нүүрсний хэрэг"-т холбогдсон байж болзошгүй мэдээллийг олон нийтэд хийсэн. Харин үүний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын оронд Б.Энхбаярыг томилно гэдгээ мэдэгдсэн.
Гэтэл МАН-ын Хяналтын хороо хуралдаж, "Б.Энхбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр"-ийг гаргаж, түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох томилгоонд түр саад тавьсан юм. Учир нь МАН-ын Хяналтын хорооны зарим гишүүд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Л.Мөнхбаатарын хүмүүсээс бүрддэг.
Тодруулбал, МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн дотнын хүн гэдэг бөгөөд 2020 онд МАН-ын Хяналтын хорооны дарга болж, 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтад багтаж парламентын гишүүн болсон байдаг. Харин МАН-ын Хяналтын хорооны гишүүн О.Батчулуун нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Л.Мөнхбаярын найз, зөвлөх гэдэг.
Сонирхуулахад, МАН-ын Хяналтын хорооны гишүүн О.Батчулууныг энэ оны нэгдүгээр сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Л.Мөнхбаатарын дэмжлэгтэйгээр томилсон гэдэг.
Харин өдгөө УИХ-ын гишүүн Б.Баярбаатар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын хүн гэдэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нарыг МАН-ын Хяналтын хорооны гишүүнээс чөлөөлөх асуудал хөндөгдөж магадгүй байна.