УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-д очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-д очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ"нүүрсний хулгай-2" болон Гэрэгэ тауэрийн оффисийг хууль бусаар авсан байж болзошгүй зэрэг ноцтой асуудлуудыг ярьсан байдаг. 

Тэрбээр "Админерал" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн Н.Хасбаатар гэдэг хүн байсан. Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар Н.Хасбаатартай холбоогүй гэж ярьдаг. Энэ ямар учиртай хүн юм бэ гэхээр. 30 сая долларын авлигын баримтыг би "Нүүрсний сонсгол"-оор ил гаргаж ярьсан.

Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжав, Ц.Чулуунзагдын эхнэр, "Админерал" ХХК-ийн санхүүгийн  дарга нар 30 сая долларыг бэлнээр хүлээж авсан. Энэ бол хятадуудаас бэлнээр авсан хээл хахуулийн мөнгө.

Хятад хүн айхтар. 30 сая доллар буюу 100 тэрбумын төгрөгийн авлигын мөнгө өгснөө баримтжуулж, гарын үсэг зуруулж авсан байдаг. Тэр баримт дээр Чулуунзагдын төрсөн ах Ц.Лхамжав болон түүний эхнэр нарын гарын үсэг бий. Н.Хасбаатар энэ авлигын хэргийн гол амьд гэрч байсан. Тэр хүн амьд байхдаа Нүүрсний сонсголд ороход бэлэн гэж байсан. Орсон бол хэлэх байсан. Гэтэл үхсэнийх нь дараа би холбоогүй гэж гарч ирж ярьсан. Тэр ч байтугай Н.Хасбаатарыг нас барснаас 6 хоногийн дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Админерал" ХХК-ийн уурхай дээр очоод "Энэ компанитай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ямар ч холбоогүй би шалгаад нотоллоо" гээд яриад түүнийгээ битүү сурталчилсан. Хэргийн амьд гэрчийг бүтэн жил байхад яагаад хуулийнхан ажлаа хийгээгүй юм бэ. Би бол энэ хүнийг алсан гэж боддог. Би одоо бас айж байна. Өөрийнхөө амь насанд санаа зовж байна" хэмээн ярьсан байдаг. 

Тэгвэл дээрх асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-т очиж, гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Гэрчийн мэдүүлэг өгөв. 2025.09.29 12.45" хэмээн бичиж, АТГ-ын үүдэнд буй зургаа оруулжээ.