Нийслэл 77 тэрбум төгрөгөөр хоёр мянган цахилгаан машин худалдан авч, такси үйлчилгээнд явуулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг олон нийт багагүй шүүмжилж байна. Тэр дундаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ub cab” такси үйлчилгээний компанийг үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр хүчтэй шүүмжилж, Хотын дарга Х.Нямбаатартай ам мурийсан. Тэгвэл “Ub cab”-ыг үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр 1000 жолооч нарын чуулга уулзалт зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр “Юуны өмнө нийгэмд аль хэдийн үүсээд байгаа бухимдал, стресс дээр дахин ийм эмзэг сэдэв нэмж, талцал үүсгэж байгааг уучлаарай. Гэхдээ энэ удаад дуугарахаас өөр арга байсангүй. Хэрвээ дуугараагүй бол маш буруу жишиг тогтож, цаашид хэвийн мэт ойлгогдох эрсдэлтэй байсан тул бид шүгэл үлээж, байр сууриа илэрхийлэхээс өөр сонголтгүй байлаа. Улаанбаатар хот өнгө үзэмжтэй, соёлтой такси үйлчилгээтэй байхыг бид огт эсэргүүцээгүй. Өрсөлдөөнийг ч мөн адил эсэргүүцээгүй. Харин гоё зорилго дэвшүүлчихээд, түүнийг хэрэгжүүлэх арга барил нь бүдүүлэг, гэнэн, бодит нөхцөлөөс тасарсан төслийг Хотын хөгжлийн корпораци боловсруулж оруулж ирсэнд л бид дургүйцэж байна. Түүнчлэн уг төслийг батлуулах явцдаа НИТХ-ын төлөөлөгчдөд илт худал, нэг талыг барьсан мэдээлэл өгч,“нэг компани хэт монополь байдалтай болсон, өөр аргагүй” гэх мэт бүдүүлэг жишээгээр тайлбарласан нь энэ салбарт олон жил хийж ирсэн бидний хөдөлмөрийг үгүйсгэж, олон мянган жолоочийг хууль бус мэтээр цоллосонд бид гүнээ эгдүүцэж байна. Үүн дээр нэмээд хотын дарга аливаа асуудалд ухаалгаар бус, харин, уур бухимдлаар хандаж байгааг олон нийтэд ил тод хардаг болсон. Иймд бид бусдын адил уур бухимдлаар бус, ажил хэрэгч байр сууриас хандаж, хотын нийтийн тээвэр, такси үйлчилгээний хөгжлийн талаар хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг нээлттэй сонсгол, хэлэлцүүлгээр ярилцах ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд 1000 жолоочийн чуулган зохион байгуулж, хотын такси үйлчилгээний зовлон, жаргалыг биеэрээ мэддэг жолооч нарын өмнө хотын удирдлагууд ирж албан ёсны мэдээлэл өгөх, мөн бид ч өөрсдийн санал бодлоо, шаардлагаа нээлттэй, ил тод хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Бид ууртай, мунхаг хандлагад уур бухимдлаар бус, ажил хэрэгч байдлаар хандаж, хувь хүнтэй биш, асуудалтай ярилцаад нэг үзье гэж бодож байна. “1000” жолоочийн чуулган 12 сарын 30-нд болно” гэжээ.