Д.Сэлэнгээ: Авто ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон ч ханийнхаа түшгээр Дэлхийн аваргын хос алтан медальтай болж чадлаа

Д.Сэлэнгээ: Авто ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон ч ханийнхаа түшгээр Дэлхийн аваргын хос алтан медальтай болж чадлаа

Өмнөд Солонгосын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн багийн харваа болон холимог багийн төрөлд өрсөлдсөн тамирчид алтан медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.

Тэр дундаа Спортын мастер Д.Сэлэнгээ 2025 оны тус ДАШТ-ээс хоёр төрөлд алтан медаль хүртсэн цор ганц тамирчин болсон юм. Түүний хувьд өмнө нь ДАШТ-ээс хүрэл медаль, 2024 оны олимпод ганц оноогоор дутаж дөрөвдүгээр байр эзэлж байсан билээ. Тэгвэл түүний эл амжилтууд болон хувь хүний талаар цөөн хором ярилцлаа.

ВИДЕО:

"ЭНЭ ТЭМЦЭЭН НАДАД ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, УРАМ ӨГСӨН"

-За бахдам сайхан амжилт үзүүлээд ирсэн танд баяр хүргэе. Өмнө нь ДАШТ-ээс хүрэл медаль авч байсан. Амжилтаа ахиулаад ирлээ. Санасандаа хүрсэн байх.

-Юуны өмнө Isee.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Ямар ч байсан тэмцээндээ оролцоод ирлээ. Мэдээж тэмцээн уралдаанд орж байгаа хүн түрүүлнэ гэсэн зорилго тавьж оролцдог. Амжилтаа ахиулаад санасандаа хүрээд ирсэн болохоор сэтгэгдэл бол маш өндөр байна. Бас энэ тэмцээн надад өөртөө итгэх итгэл, урам өгсөн.

-ДАШТ хэр сайхан болов. Уур амьсгал хэр байсан бэ?

-ДАШТ бол улс орны хамгийн шилдгүүд өрсөлддөг тэмцээн. Гэхдээ энэ спортын онцлог бол өөрөө өөртэйгөө өрсөлдөх байдаг. Бэлтгэлээ сайн базаасан болохоор өөртөө итгэлтэй сайхан оролцлоо. Тэмцээний уур амьсгал ч маш сайхан. Тухайн улсын уур амьсгал надад их тухтай байсан нь бас их дэм болсон байх.

"ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР АЛТАН МЕДАЛЬ, ЯМАР ИХ ХАРИУЦЛАГА ВЭ ГЭЖ БОДСОН"

-ДАШТ-ний үеэр төрийн дууллаа эгшиглүүлэх л хамгийн сайхан байв уу?

-Тийм ээ. Гэхдээ холимог багийн төрөлд буюу Спортын мастер Н.Мөнхбаатартай Италийн багтаа өрсөлдөж байхад оноо тэнцчихсэн. Тэгээд бид хоёр шитофын харвалт хийсэн. Тэр шитофын харвалт миний хувьд өнгөрсөн хугацаанд харвасан хамгийн төгс харвалт байлаа. Эргэн тойрон нам гүм болоод, төгс мэдрэмж өгсөн. Тэр маш гоё байсан. Мэдээж, төрийн дууллаа эгшиглүүлэх үнэхээр гоё байсан. Тэр үед дэлхийн аваргын хоёр алтан медаль, ямар их хариуцлага вэ л гэж бодсон. Яагаад гэвэл нэг л амжилт үзүүлээд эхлэх үед хүмүүс алдах эрхгүй мэт амжилт нэхдэг. Олимпын аварга болоорой, одоо алт аваарай гэх мэт. Тийм болохоор медалиа авч байх үедээ хариуцлагатай байж, ур чадвараа сайжруулах юм шүү л гэж бодож байсан.

-2018 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Яагаад энэ спортыг сонгосон бол. Ер нь хэн хамгийн их нөлөөг үзүүлэв?

-2018 онд анх н.Энхтуяа эгч маань энэ спортыг санал болгож, байт харваатай танилцаж байсан. Тэгээд 2019 оны зунаас энэ спортоороо хичээллэсэн. Ингээд 2020 онд үндэсний шигшээ баг руу орсон. Түүнээс хойш 2021 онд Токиогийн олимпод оролцсон,  2022 онд ААШТ-ээс хүрэл медаль, 2023 онд Азийн аваргаас мөн адил хүрэл медаль хүртсэн. Харин өнгөрсөн онд Парисын олимпод оролцоод дөрөвдүгээр байранд орсон байна.

-Энэ спортоор өдийг хүртэл тууштай хичээллэхэд танд юу нөлөөлсөн байна. Юу нь хамгийн их таалагддаг вэ?

-Энэ спортын хамгийн сонирхолтой нь өөрөө өөртэйгөө өрсөлдөх. Ер нь өөрөө өөрийгөө ялна дийлнэ гэдэг хамгийн гоё зүйл. Тэгэхээр өөрөө өөрийгөө ялах, өөрөө өөртөө шинэ мэдлэг олгох гэдэг аягүй гоё.

-Одоо Д.Сэлэнгээ гэх хувь хүний талаар ярилцахыг хүсэж байна. Таныг унаган Улаанбаатарынх гэдэг. Бага насныхнаа талаар хуваалцаач.

-Би Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ бага насаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрөөсөн. Миний бага нас энгийн л өнгөрсөн. Доороо дөрвөн дүүтэй. Айлын том хүүхдүүд юу хийдэг билээ. Яг тэр болгоныг хийж өссөн. Ээж, аавдаа тусалж, дүү нараа харж өссөн даа. Улмаар их сургуулиа төгсчхөөд Замын-Үүд сумандаа ажиллаж эхэлсэн. Тэр үедээ авто ослын улмаас гэмтэл авсан нь миний амьдралын эргэлтийн цэг болсон. Сумандаа эмчлүүлэх боломжгүй болсон учир хотод ирсэн. Тэгээд л ер нь хотдоо суурьшихаар шийдсэн дээ.

"БАЙТ ХАРААНЫ СПОРТ НАМАЙГ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВАХАД ДЭМ БОЛСОН"

-Авто ослын дараа хэцүү үе бишгүй байсан байх. Сэтгэл санаагаар ч унах байх.

-Тийм ээ. Би энэ талаар ер нь ярьж байгаагүй юм байна. Хэцүү үеүд бол байсан. Ажлаа хийгээд явж байсан хүн нэг л өдөр хэвтэрт орчихсон. Бүүр босож, сууж чадахгүй таг хэвтрийн байсан. Тэр үеүдэд аягүй хэцүү. Яг тэр үед би нөхөртэйгөө танилцсан. Хэвтэрт байх үед гэсэн үг. Тэгээд л бид хоёр найзалж, нөхөрлөж, өдгөө  хамт амьдарч байна. Намайг үргэлж дэмжиж, сайн ар тал байдаг. Намайг чи чадна гээд л байнга урамшуулдаг. Сайн ханийнхаа түшигт Дэлхийн аварга тамирчин болоод сууж байна.

-Байт харвааны спорт танд юу, юу өгсөн гэж боддог вэ. Мэдээж, маш их тэсвэр тэвчээр суулгасан байх.

-Өмнө нь би байнгын өвчин намдаагч эм уудаг байсан. Харин өдгөө би уухаа больсон. Янз бүрийн өвчнөөр ч өвдөх нь бага. Тэгэхээр байт харааны спорт намайг өдий зэрэгтэй явахад дэм болж байгаа гэсэн үг. Спорт хүнд эрүүл мэнд авчирдаг шүү дээ.

-Өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?

-Би хөгжлийн бэрхшээлтэй болсноосоо хойш тэргэнцэртэй иргэдийн холбоонд орсон юм. Тэргэнцэртэй нэг үеийн залуус хамт олон төрлийн спортоор хичээллэдэг. Туялзуур сэлмээр нэг жил гаруй хичээллэсэн. Мөн гар барилдаанаар тэмцээнд түрүүлж байсан. Мөн бадминтоноор хичээллэж, тодорхой амжилт үзүүлж байлаа.  Гэхдээ байт харвааны спортыг сонгосон миний хувь хүний онцлогт илүү тохирсон санагдсан.

-Одоо бол та 2028 оны олимпод амжилтаа ахиулж алт авахыг хүсэж, зорьж байгаа байх.

-Тийм ээ.Аливаа тэмцээн, уралдаанд түрүүлнэ гэж орно шүү дээ. Гэхдээ ам гарахыг хүсэхгүй байна. Чадлаараа хичээх болно. Мөн нөгөө талд Парисын олимпыг бодвол одоогийн сэтгэл зүй, ур чадвар өөр болсон. Миний хувьд энэ дээрээ дөрөөлөөд бэлтгэлээ сайн хийхэд гайгүй байх гэсэн бодол байна. Бас ДАШТ-ээс хоёр алтан медаль авчихсан нь өөрөө өөртөө итгэх итгэл нэмлээ.Цаашид ер нь спортын хувьд оргилд нь хүрэхийг хүсэж байна.