Монгол Улсад суугаа Оросын элчин сайдын яам өөрийн facebook хуудастаа, "Монгол Улсад “Мөнх Хөх Тэнгэрийн морьтонгууд” нэртэй анхны казакуудын байгууллага байгуулагдлаа" гэсэн мэдээллийг үл таних хоёр гадаад иргэний зургийн хамт нийтэлсэн нь манай зарим иргэдийн шүүмжлэлтэй тулгараад байна.
-ДИПЛОМАТ ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХ ЭДЛЭГЧ БҮХ ХҮМҮҮС ХҮЛЭЭН АВАГЧ УЛСЫН ХУУЛЬ, ДҮРМИЙГ ХҮНДЭТГЭХ ҮҮРЭГТЭЙ-
Учир нь ОХУ-ын элчин сайдын яамны энэхүү мэдээлэл Олон Улсын эрх зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл байж болзошгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" хэмээн заасан. Гэтэл гадаад улсын дипломат байгууллага болох Монгол Улсад суугаа Оросын элчин сайдын яам магадгүй өөрийн далд зорилгодоо ашиглахаар Казах үндэстэн иргэдийг тусгаарлан харилцах нь үндэстний цөөнхийг бусад иргэдээс зааглах, улмаар нийгэмд ялгарал, үл итгэлцлийг үүсгэх хор уршигтай байж магадгүй юм.
ОХУ-ын Эчин сайдын яамны цахим хуудсан дээрх нийтлэлээс харвал “Чухам энэ төсөл нь Казахуудын үр хойчийг нэгтгэж, Монгол Улсад өөрийн гэсэн Казахуудын нэгдлийг байгуулах эхлэл боллоо” гэсэн байв.
Олон улсын дипломат харилцааг зохицуулдаг хамгийн гол баримт бичиг болох Дипломат харилцааны тухай Венийн конвенц-ын 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт маш чухал заалт бий. Үүнд:
"Дипломат эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүмүүс хүлээн авагч улсын хууль, дүрмийг хүндэтгэх үүрэгтэй. Түүнчлэн тэд тухайн улсын дотоод хэрэгт оролцохгүй байх үүрэг хүлээнэ" хэмээн цагаан дээр хараар бичсэн байдаг.
Иймд ОХУ-ын Элчин сайдын яамны гаргасан энэхүү үйлдэл нь уг конвенцыг илэрхий зөрчсөн хэрэг юм. Дипломат төлөөлөгчийн газрын үндсэн чиг үүрэг нь конвенцын 3 дугаар зүйлд зааснаар зөвхөн илгээгч улсаа төлөөлөх, хүлээн авагч улсад өөрийн улсын болон иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршдог. Гэтэл хүлээн авагч улсын иргэдийг шашин, яс үндэсээр нь зохион байгуулалтад оруулж, байгууллага байгуулах нь Венийн конвенцоор олгогдсон эрх хэмжээнээс шууд хэтэрсэн үйлдэл юм.
-БУСАД УЛС ОРНУУД ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ДИПЛОМАТУУДЫГ "PERSONA NON GRATA" БУЮУ "ТААЛАМЖГҮЙ ЭТГЭЭД"-ЭЭР ЗАРЛАЖ, ХАТУУ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ-
Олон улсын жишээнээс харахад хүлээн авагч улсынхаа иргэдийг хагаралдуулж, хууль бус үйл ажиллагаа явуулсан дипломатуудыг "Persona non grata" буюу "Тааламжгүй этгээд"-ээр зарлаж, хатуу хариу арга хэмжээ авч байсан тодорхой жишээнүүд бий.
Тухайлбал:
- Бүгд Найрамдах Конго Улсад 1963 он: Конго улсын Засгийн газар тус улсад суугаа Зөвлөлт Холбоот Улсын /ЗХУ/ Элчин сайдын яамны нийт ажилтнуудыг дотоод хэрэгт оролцсон, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдсон, иргэдийн дунд хагарал үүсгэсэн гэх үндэслэлээр улсаасаа бүрэн албадан гаргаж байв.
- Гана Улсад 1966 он: Гана улсын Засгийн газар тус улсын дотоод хэрэг, төрийн эргэлтийн дараах улс төрийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон ЗХУ-ын 22 дипломат ажилтан болон 200 гаруй техникийн зөвлөхүүдийг Венийн конвенцыг зөрчсөн хэмээн үзэж, нэн даруй нутаг дэвсгэрээсээ хөөн гаргасан түүхтэй.
- Их Британи ба ОХУ 2018 он: Их Британийн Солсбери хотод гарсан ноцтой халдлагын дараа ОХУ-ын дипломатуудыг дипломат статусаа урвуулан ашиглаж, тусгаар улсын аюулгүй байдалд халдсан, дотоод хэрэгт оролцсон гэж үзэн Ерөнхий сайд Тереза Мэй Оросын 23 дипломат ажилтанд 7 хоногийн дотор улсыг нь орхин гарах шаардлага тавьж, албадан гаргаж байв. Үүнийг даган АНУ болон Европын Холбооны улсууд 100 гаруй Оросын дипломат ажилтнуудыг нэгэн зэрэг хөөж байсан түүхэн практик бий.
"Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Төрөөс шашны талаар явуулах бодлого нь үндэсний аюулгүй байдал, үндэсний түүх, соёл, уламжлалыг хамгаалахад чиглэгдэнэ" гэж заасан. Мөн хуулийн дагуу Монгол Улсад шашны болон үндэстний аливаа байгууллага байгуулах зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсын хуулийн этгээд, иргэдийн үүсгэл санаачилгаар, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг үндэслэн олгодог.
-ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БОЛ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 19 ДҮГЭЭР БҮЛЭГТ ЗААСАН "ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ"-Т ТООЦОГДОНО-
Үндсэн хуулийг сахин биелүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий дараах эрх мэдэлтнүүд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэхгүй байгааг дурдах шаардлагатай.
- Гадаад харилцааны яам ба сайд: Гадаад харилцааны тухай хуулийн дагуу ГХЯ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх дипломат төлөөлөгчийн газруудын үйл ашаллагаа хууль ёсны дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж, зөрчил гарсан тохиолдолд нэн даруй дипломат арга хэмжээ авах үүрэгтэй. ОХУ-ын Элчин сайдын яам манай улсын иргэдийг яс үндэсээр нь ялгаварлан байгууллага байгуулсан хэмээн мэдээлж дураараа дургиж байхад Гадаад харилцааны яамнаас албан ёсны эсэргүүцлийн ноот бичиг хүргүүлэх, Элчин сайдыг дуудаж уулзан тайлбар авах зэрэг наад наад захын дипломат алхам хийхгүй, асуудлаас нүдээ буруулан суугаа нь тэдний албан үүрэгтээ хайнга хандаж буйн шууд илрэл юм.
Монгол Улсын хууль тогтоомжид үндэсний аюулгүй байдал, нийгмийн эв нэгдлийн эсрэг чиглэсэн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг туйлын тодорхой хуульчилсан байдаг. Хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсын тусгай алба, дипломат байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа явуулсан бол Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 19 дүгээр бүлэгт заасан "Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-т тооцогдоно.
Үүнд тодорхой заалтыг авч үзвэл:
- Эрүүгийн хуулийн 19.15 дугаар зүйл /Үндэстэн, ястан, шашин шүтлэгээр нь дайсагнуулах, ялгаварлан гадуурхах/-д, Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэг, үзэл бодлоор нь дайсагнуулах, ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, эсвэл давуу байдал тогтоохыг уриалсан, сурталчилсан, зохион байгуулсан бол торгох, зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Хэрэв энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг буюу гадны байгууллагын дэмжлэгтэйгээр үйлдсэн бол ялын бодлого улам хүндрэхээр хуульчилсан. Энэхүү ноцтой нөхцөл байдалд Гадаад харилцааны яам хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг цаг үе шаардах нь зөв болов уу.
- Олон улсын Венийн конвенцын дагуу ОХУ-ын Элчин сайдын яаманд албан ёсны хатуу эсэргүүцлийн ноот бичиг гардуулж, хууль бус үйл ажиллагаагаа зогсоож, Үндсэн хуулийг хүндэтгэхийг шаардах;
- Үндсэн хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчин байгуулагдсан бол уг байгууллагын бүртгэл, үйл ажиллагааг нэн даруй хүчингүй болгож, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулсан дотоодын иргэдэд Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг нь авах ёстой болов уу.