"ДЦС-3"-ын ТУЗ-ийн гишүүд сар бүр цалин авдаг ч хууль зөрчиж урамшуулал, шатахуун авч байжээ

"ДЦС-3"-ын ТУЗ-ийн гишүүд сар бүр цалин авдаг ч хууль зөрчиж урамшуулал, шатахуун авч байжээ

"Дулааны цахилгаан станц-3"-т сүүлийн хоёр сарын хугацаанд болсон дэлбэрэлттэй холбоотой мэдээлэл нэг хэсэг олны анхаарлыг татсан.

-"ДЦС-3"-Т ХОЁР САРЫН ДОТОР ХОЁР ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ, НЭГ ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭВ-

Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 2-ны өдөр "ДЦС-3"-ын өндөр даралтын турбин цехэд дэлбэрэлт болсны улмаас тухайн үед тус газарт ажиллаж байсан инженер, 47 настай эрэгтэй Д.Х осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар тухайн хэргийг өдгөө тагнуулын байгууллага болон цагдаагийн  байгууллагын хамтран мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэх мэдээлэл бий. 

Гэтэл уг дэлбэрэлт болсноос яг хоёр сарын дараа буюу наймдугаар сарын нэгний  /2025.08.01/ өдөр мөн л тухайн станцад дэлбэрэлт болсон талаарх мэдээлэл цацагдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл хийж, "Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техникийн технологийн саатал багагүй гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Өмнө нь ч гарч байсан. Онцгой дэглэм тогтоож, сэргээн засварлалтын ажил идэвхтэй явж байгаа энэ үед дотроосоо мэдээлэл задалж, сенсац болгож буй нь туйлын зохимжгүй юм. Гарсан гэмтлийг засварлах ажил долоо хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 60-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрд нь янзлаад хэвийн ажиллагаанд оруулж байсан" гэдгээ мэдэгдсэн юм. 

-САРД 1.2-1.3 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ТУЗ-ИЙН ДАРГА, ГИШҮҮД "ДЦС-3"-ААС ШАТАХУУН АВЧЭЭ-

Тэгвэл энэ мэтээр дэлбэрэлт болж, эрдэнэт хүний амь нас эрсдэж, техникийн саатал тогтмол гарч байдаг "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК нь ажилчдынхаа болоод станцынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллах бус, ТУЗ-ийн гишүүддээ хууль зөрчиж, урамшуулал олгож байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно" гэж заажээ.

Гэтэл "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК нь ТУЗ-ийн гишүүддээ "Үр дүнгийн урамшуулал" хэмээн 28.5 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. 

Үүгээр зогсохгүй ТУЗ-ийн дарга, гишүүдэд 2.6 сая төгрөгийн шатахуун олгож, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ерөнхий нягтлан бодогч Д.Отгонтуяаг ТУЗ-ийн хараат бус гишүүн /аудитын хорооны дарга/-ээр томилсон байжээ. "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн ажилладаг бол гишүүнээр: 

  • ТӨБЗГ-ын Төлөвлөлт хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Шинэхүү,
  • ЭХЯ – Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах шинжээч Д.Чимидлхам,
  • ТӨБЗГ–ын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтэст мэргэжилтэн Т.Билгүтэ,
  • ЭХЯ –ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Т.Батдондог,
  • ЭХЯ-ны Стратеги төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Пунцагбалжир нар ажилладаг байна. 

Харин хараат бус гишүүнээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ерөнхий нягтлан бодогч Д.Отгонтуяа, "Богд судалгааны хүрээлэн" НҮТББ-д хуульч, эрх зүйн судалгааны ажилтан Р.Лхагвабаяр, Видан Групп ХХК, Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нар ажилладаг аж. ТУЗ-ийн гишүүд болон хараат бус гишүүд нь сард 1.2 сая төгрөгийн цалинтай бол ТУЗ-ийн дарга 1.3 сая төгрөгийн цалин авдаг байна.