Эм, эмнэлгийн хэрэгслийн талаар төрөөс баримталж буй бодлого болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнд хийх нийцлийн аудитыг өнөөдөр Үндэсний аудитын газраас эхлүүллээ.
Энэхүү аудитаар дээрх бодлого, хууль тогтоомжийг үр нөлөөтэй хэрэгжүүлсэн эсэх болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомжийн дагуу чанар, аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоо бүрдсэн эсэхийг тодорхойлох зорилготой юм. Аудитад Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын сан, Стандарт, хэмжил зүйн газар болон бусад холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллагуудыг хамруулж, гүйцэтгэнэ.
Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг аудитыг нээж, төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулав. Улмаар аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг эм, эмнэлгийн хэрэгслийн үйл ажиллагаанд оролцож буй талуудад өглөө. Аудитын тайланг энэ оны 12 дугаар сарын 10-ны дотор Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхээр төлөвлөөд байна.