Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны логог Монгол Улс болон тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар баталлаа.
Энэхүү лого нь Монгол Улсын соёл, уламжлалыг агуулахын сацуу дэлхий нийтийн хамтын ажиллагааны уриалгыг хослуулсан бөгөөд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх шийдлийг улс орнууд хамтдаа эрэлхийлэх НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн эрхэм зорилгыг илэрхийлж байна.
Лого нь COP17 бага хурал эхлэхээс яг нэг жилийн өмнө танилцуулж буй бөгөөд лого нь эв нэгдэл, харилцан итгэлцлийн үрийг хамтдаа тарьж, доройтсон газрыг дахин сэргээхэд хамтран ажиллах уриалга юм.
Дүрслэлийн дээд хэсэгт байрлах дугуй хэлбэр нь нарны туяа мэт алсран цацарсан байдалтайгаар Монголын уламжлалт тэнгэр шүтлэгийг илтгэж, мөнх хөх огторгуйг бэлгэднэ. Энэ нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын дүрслэлтэй нийцэж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй байгаль орчны сорилтуудын шийдлийг илэрхийлнэ. Төв хэсэгт монгол гэрийн хэлбэрийг тодруулан дүрсэлж, оройд нь гэрийн тулгуур болох тооно дүрслэгдсэн. Тооно нь хүн ба байгалийн зохицлыг бэлгэдэж нүүдэлчдийн амьдралын ухаан, газар хөрс нь эх орон, өв соёлын тогтвортой байдлыг харуулж буй. Доод хэсэгт орших гарын дүрс нь байгаль дэлхийдээ энэрэнгүй хандах, хамгаалах, хариуцлагыг бэлгэдэх бөгөөд алганд нь ногоон соёо нахиалж буй нь тэсвэртэй, шинэчлэгдэн сэргэж буй дэлхийг илэрхийлэх юм.