Хотын дарга Х.Нямбаатар "Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд кокс түлш түлнэ" гэж мэдэгдсэн. Энэ дагуу 400 мянган тонн шахмал түлшийг энэ жил хэрэглэхээр төлөвлөжээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь хотын авто машин болон гэр хорооллын айлуудын яндан юм. Авто машин нь нийт агаарын бохирдлын 28.9 хувийг үүсгэдэг. Харин гэр хорооллын 171,976 айлын яндан нь нийт агаарын бохирдлын 55.6 хувийг эзэлж байна.
Хагас коксоор үйлдвэрлэсэн шахмал түлш нь 400-аас ихгүй борлуулалтын цэгээр нэг шуудай нь 5000 төгрөгөөр иргэдэд нийлүүлэхээр төлөвлөсөн.
Хийн халаагуур зуухыг шинэ оноос өмнө авахаар дэлхийн нэртэй компаниудад санал хүргүүлсэн бөгөөд БНХАУ-ын Haier, Hisense компаниуд Монголд зориулсан төхөөрөмж нийлүүлэхээр болсон. Эхний ээлжийн туршилтын төхөөрөмжүүд орж ирсэн бөгөөд онцгой байдал, цагдаа болон холбогдох байгууллагууд аюулгүй байдлын шинжилгээ хийж байна. Бид энэ төхөөрөмж дээрээ суурилаад UNICEF-тэй хамтраад аюулгүй байдлын сургалтуудаа дараа 7 хоногоос эхлээд явна. Улаанбаатар хотод Гандан, Телевиз, Баянхошууны захын гурван хороонд газ цэнэглэх цэгүүдийг байгуулж, иргэд хэрэглэж дууссан баллонаа авчирч хоосныгоо цэнэглэсэн шинэ баллоноор сольж авах боломжийг бүрдүүлнэ. Хоёр долоо хоногийн дараагаас газ цэнэглэх цэгүүдийг барьж байгуулаад ашиглалтад оруулж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Газын нийлүүлэлт ОХУ-аас хийгдэх бөгөөд хувийн хэвшлийн компаниудтай хамтран нөөцлөх, хадгалах ажлыг Тавантолгой түлш дээр явуулж байна.
Хийн зуухны хэрэглээ хотын төвийн агаарын бохирдлыг 10–12 хувиар бууруулахад нөлөөлнө. Хагас коксоор нийт бохирдлыг 29 хувиар, гэр хорооллын яндангаас үүссэн бохирдлыг 45–50 хувиар бууруулах тооцоо гарсан. Шахмал түлш болон хагас кокс гэсэн хоёр төрлийн түлшийг иргэдэд сонголт болгон нийлүүлэхээр төлөвлөөд байна. Шинжлэх ухааны академичдийн дүгнэлтүүд гарсан байгаа. Дараа жилээс бид байгалийн хийн холболтын шугам сүлжээний ажлыг Баянзүрх дүүргийн бүсэд эхлүүлнэ. Ингэснээр бид хийн хоолойны шугам буюу дэлхийн олон нийтийн хэрэглэж байгаа байгалийн хийг нэвтрүүлэх юм. Бид хагас кокс болон газ руу шилжсэнээр Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн багадаа 30 хувиар буурах тооцоо гарсан юм. 2025 онд 5000 айл өрхөд дараа жил 50–55 мянган айл өрхөд хийн түлшийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. 2028 он гэхэд Улаанбаатар хотод ямар нэгэн нүүрс түлэхгүйгээр бүх айлууд хийн болон сэргээгдэх эрчим хүч хэрэглээд явна. Гэр хорооллын айлуудад дулаалга хийх чип төсөл энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, иргэдэд чип тараана" гэлээ.