Нэг өрхийн сарын мөнгөн орлого 2024 оныхоос 119.3 мянган төгрөгөөр нэмэгджээ

Нэг өрхийн сарын мөнгөн орлого 2024 оныхоос 119.3 мянган төгрөгөөр нэмэгджээ

Нэг өрхийн сарын мөнгөн орлого 1.8 сая төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 119.3 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Мөнгөн орлогын 57.9 хувийг цалин хөлс, 21.6 хувийг  тэтгэвэр, тэтгэмж, 7.5 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, 7 хувийг бусад, 6 хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 нэгж хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 0.2 хувиар нэмэгджээ. Харин тэтгэвэр тэтгэмжийн орлогын эзлэх хувь 1.3, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 0.2, бусад орлогын эзлэх хувь 0.2 нэгж хувиар багасжээ. 

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь авч үзэхэд:

  • 700 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 76.4 мянга,
  • 700 мянгаас-1 сая 600 мянган төгрөгийн орлоготой өрх 233.2 мянга,
  • 1.6-3 сая төгрөгийн орлоготой өрх 308.6 мянга,
  • 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 387 мянга байна.

Эдгээр өрхийн мөнгөн орлогыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, 700 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 33.1 мянгаар, 900 мянгаас-1 сая 100 мянган төгрөгийн орлоготой өрх 17.5 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 7.7 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 2.7 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 30.2 мянгаар цөөрчээ.

Мөн 700 мянгаас -900 мянган төгрөгийн орлоготой өрх 4.5 мянгаар, 3-4 сая төгрөгийн орлоготой өрх 6.6 мянгаар, 4 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 89.7 мянгаар нэмэгдсэн аж.

Тухайн өрхийн мөнгөн орлого нэмэгдэхээр тэтгэвэр, тэтгэмж мөнгөн орлогод эзлэх хувь багассан байна. Тухайлбал, 700 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 80.4 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлдэг. Гэтэл  2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 66.3 хувийг цалин хөлсний орлого байх юм.

Түүнчлэн, нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.8 сая төгрөг болсон нь 2024 оны мөн үеийнхээс 324.5 мянган нэмэгджээ. Мөнгөн зарлагын бүтцийг авч үзвэл 1.9 сая төгрөг хүнсний бус бараа, үйлчилгээний, 515.9 мянган төгрөг нь хүнсний бүтээгдэхүүний, 301 мянган төгрөг нь бусад зарлага, 56.7 мянган төгрөг бусдад өгсөн бэлэг, тусламж гэж гарчээ.

Хүнсний бүтээгдэхүүний  мөнгөн зарлагад эзлэх хувь 2024 оны мөн үеийнхээс 0.7 нэгж хувиар буурчээ. Гэхдээ хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 0.5, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлагын эзлэх хувь 0.2 нэгж хувиар нэмэгдэв.

Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 32.6 (168.2 мянга) хувийг мах, махан бүтээгдэхүүн, 22.9 (118.1 мянга) хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 12.2 (62.7 мянга) хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 7.1 (36.5 мянга) хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж байна. Эдгээр нь нийт хүнсний хэрэглээний 74.7 хувийг бүрдүүлсэн байх юм.

Хүнсний бүтээгдэхүүний зарлагыг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний хүнсний нийт зарлагад эзлэх хувь 1, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 1, жимс, самар 0.7 нэгж хувиар нэмэгдсэн аж. Харин үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн 3.4, хүнсний ногоо, булцуут, навчит ургамал 0.6, төрөл бүрийн өөх, тос 0.4, элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан 0.1 нэгж хувиар багасжээ.

Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 10.1 хувийг тээврийн хэрэгслийн шатахуун, сэлбэг, засвар, үйлчилгээний, 7 хувийг бэлэн хувцас, гутал, 6.4 хувийг хувь хүнд хандсан бараа, үйлчилгээний, 6.2 хувийг харилцаа холбооны үйлчилгээний, 5.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 3.7 хувийг гутлын зардал байна.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь авч үзэхэд:

  • 700 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 29.1 мянга,
  • 700 мянгаас-1 сая 600 мянган төгрөгийн зарлагатай өрх 226.2 мянга,
  • 1.6-3 сая төгрөгийн зарлагатай өрх 386 мянга,
  • 3 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 363.9 мянган өрх байна.

Өрхийн мөнгөн зарлагыг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал, 700 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 22.6 мянгаар, 700 мянгаас-900 мянган төгрөгийн зарлагатай өрх 13.6 мянгаар, 900 мянгаас -1 сая 100 мянган төгрөгийн зарлагатай өрх 15.5 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 28.5 мянгаар цөөрчээ. Мөн 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 6.5, 2.1- 3 сая төгрөгийн зарлагатай өрх 12.1 мянгаар, 3-4 сая төгрөгийн зарлагатай өрх 32.6 мянгаар, 4 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 38.5 мянгаар нэмэгдсэн аж.

Улсын хэмжээнд сард 700 мянган төгрөг хүртэлх зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын 27.6 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Улмаар 2.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын 17.2 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 71.5 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээ байгааг тодотгожээ.