Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж байгаа техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дууриалган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан юм.  

Улсын хэмжээнд бүртгэгддэг бүх төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд гэхэд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллалаа.

 Түүнчлэн тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, ОХУ-ын Улаан-Үд хотод 2015 оны есдүгээр сард гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны II сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажилласан зэргээр улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгээд байна.

 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар алба хаагчдад хандаж, хэлсэн үгэндээ "Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах  гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэр төртэйгээр биелүүлдэг та бүхэндээ юуны өмнө халуун баяр хүргэе. Онцгой байдлын байгууллага бол онцгойлон анхаарах ёстой салбаруудын нэг. Тиймээс өнөөдөр өөрийн биеэр ажиллаж, техник, хэрэгсэлтэй танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч та бүхнийхээ техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн хангалтыг сайжруулахад анхаарч, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Засгийн газраас бүх талаар анхаарах болно" гэлээ.