Чингэлтэй дүүргийн “Дулаалъя” хоёрдугаар аянд НҮБ-ын Хүүхдийн Сан нэгдэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сангаас Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 1000 өрхөд монгол гэрийн "чип" дулаалга болон агааржуулалтын багцыг хүргэх юм.

Монгол гэрийн "чип" багц нь монгол гэрийн бүтэц, хэлбэрийг өөрчлөлгүйгээр дулаан их алддаг хэсгүүдийг битүүмжлэн сайжруулж, нүүрсээр галладаг уламжлалт зуухны хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системээр солиход зориулагдсан юм. Судалгаагаар "чип" багцыг хэрэглэдэг айл өрхүүд сар бүр дунджаар нүүрс, түлээ, цахилгаан болон эрүүл мэндтэй холбоотой 275,000 төгрөгийг хэмнэж чаддаг нь батлагджээ.
Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул энэ ондоо багтаан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийг "чип" багцаар дулаалсны дараа хийн халаагуурт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг онцоллоо. Мөн үүнээс гадна байшин сууцад амьдардаг айл өрхүүдийн дулаан алдагдлыг тусгай багажаар хэмжиж, зөв дулаалах ажлыг хийж гүйцэтгэнэ гэв. Дулаалгын энэ ажлууд Чингэлтэй дүүргийн “Дулаалъя” хоёрдугаар аяны хүрээнд хийгдэх бөгөөд ажиллах хүн хүч, бригадыг бүрдүүлэх шатандаа явж байна.