Монголын анхны шинэ технологи болох хаягдал халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэх WHR системийг нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй цемент үйлдвэрлэлийг нутагшуулсан "Монцемент" төслийн 10 жилийн ой болж байгаа аж.
Энэ талаар “Монцемент” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан өөрийн цахим сүлжээгээрээ дамжуулан нийт харилцагчид, хэрэглэгчид, хамтран ажиллагсаддаа баярын мэнд хүргэсэн байна. Тэрбээр "2006 оноос хойш ТЭЗҮ, 2013 оноос барилга бүтээн байгуулалтын ажлаа говийн хоосон талд хоёр гэртэй эхэлж байсан Монцемент төсөл маань Монголын анхны шинэ технологи болох хаягдал халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэх WHR системийг нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй цемент үйлдвэрлэлийг нутагшуулан ийнхүү өнөөдөр 10 нас хүрлээ. Бид энэ хугацаанд улсын чанартай автозам, төмөр зам, гүүрэн байгууламж зэрэг 24 мега төслийн бүтээн байгуулалтанд оролцож, 400 гаруй үндэсний ханган нийлүүлэгч, 350 гаруй харилцагч хэрэглэгчидтэйгээ хамтран ажилласан байна. Мөн улсын төсөвт 82 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж, сум орон нутаг хийгээд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд 1000 гаруй хамт олон маань бодит хувь нэмрээ оруулсаар байна. Монцементтэй 10 жилийг хамтдаа угтаж буй нийт харилцагчид, хэрэглэгчид, хамтран ажиллагсад мөн хамт олондоо ойн мэндийг хүргэе" гэжээ.