Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cante” шөнийн цэнгээний газрын гадна долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө болсон зодооны хэргээр нэр бүхий хүмүүсийг шалгаж эхлээд байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан. Харин Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгчийнх нь гаргасан саналыг үндэслэн түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ болгосон байдаг. Харин үүнд нь прокуророос шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Тэгвэл “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгч мөн Э.Тэмүүлэнгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд санал гаргасан бөгөөд шүүхээс түүний саналыг хүлээн аваагүй байна. Тиймээс Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргаад байгаа аж. Уг гомдолуудыг Дүүргүүдийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх маргааш буюу тавдугаар сарын 15-ны өдөр хэлэлцэхээр товложээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.