АНУ-ын “Towson Univercity”-д тэнцэж, волейболын багтай нь гэрээ байгуулж, Монгол Улсаас “NCAA”-ийн түвшинд волейбол тоглохоор болсон анхны тамирчдын нэг С.Тэмүүлэнтэй ярилцлаа.
ВИДЕО:
-АНУ-ын “Towson Univercity”-д тэнцэж, волейболын багтай нь гэрээ байгуулсан тухайгаа яриагаа эхэлье. Өмнө нь та гадагшаа явж эрдмийн зэргээ дээшлүүлэх зорилготой байгаа тухайгаа ярьж байсан. Зорилгодоо хүрчээ баяр хүргэе.
-Тийм ээ. АНУ-ын “Towson Univercity”-д 100%-ийн тэтгэлэгтэйгээр маркетингийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалахаар болж байна. Мөн АНУ-ын “NCAA”-ийн түвшинд волейбол тоглох анхны монгол тамирчдын нэг болсон. Тэгээд маргааш өглөө нисэх гээд байж байна. Надаас гадна “Хилчин” клубийн Б.Мишээл тус түвшинд тоглохоор болсон. Б.Мишээл дүү маань бэлтгэлдээ орчихсон байгаа. АНУ-д их сургуульд сурна гэдэг нэлээн удаан процесстой. Ялангуяа тус улсад тамирчнаар суралцахын тулд сургуульдаа тэнцэх, хэлний түвшиндээ тэнцэх хэрэгтэй. Дараа нь тамирчны ур чадвар яригдаж эхэлдэг. Өнгөрсөн хавраас эхлээд нэлээн олон сургуультай харилцаж, саналуудыг нь авч байгаад энэ сургуулиа сонгосон.
-“NCAA”-ийн түвшинд волейбол тоглодог Ази тоглогчид хэр их байдаг бол?
-“NCAA”-ийн түвшинд манай улсаас сагсан бөмбөгийн спортоор тоглодог анхны тамирчин нь Ш.Энхийн-Од зэрэг тамирчин бий. Харин волейболын спортоор анхны тамирчид болж байгаа даа баярлаж, ичиж байна. Маш олон орны хүүхдүүд тоглодог. Ази тивээс цөөхөн тамирчин байдаг юм шиг харагдсан.
-ХҮНД БЭРТЛЭЭС ЕСӨН САРЫН ДАРАА ИРЭХДЭЭ ИЛҮҮ ХҮЧИРХЭГ БОЛСОН-
-2023 онд хүнд бэртэж, БНСУ-руу хагалгаанд орсон шүү дээ. Хүнд бэртлийн араас эргэж талбайдаа ирсэн нь бас маш том амжилт шүү дээ.Тэр үед сэтгэл зүйгээр унасан байх.
-Тамирчин хүн бүрийн хамгийн их айдаг зүйл бол бэртэл, гэмтэл. Миний хувьд хоёр өвдгөндөө хагалгаа хийлгэж байсан. Эхлээд 2019 онд хагалгаанд орсон бол дараа нь 2023 онд байсан. Мэдээж хагалгаанд орж, бэртсэн хөл бол өмнөх шигээ 00 хувь сайн болох ер нь боломжгүй. Гэхдээ бэртсэн цаг хугацаа намайг илүү тэсвэр тэвчээртэй болгосон. Бэртэл авсан хүний сэтгэл зүй үнэхээр их унадаг. Тэр үед гэр бүл, баг хамт олон, дасгалжуулагч гээд бүх хүний дэмжлэгээр мөрөөдлөө биелүүлсэн санагддаг. Мөрөөдлөө биелүүлчихсэн ингээд явах гээд сууж байгаадаа маш их баяртай байна. Магадгүй миний бэртэл намайг илүү хичээх шалтгаан болсон.
-Баг тамирчид, хамт олон нь яаж дэмжиж байв. Дасгалжуулагч нь БНСУ-д очиж уулзаж байсан гэдэг.
-Тийм шүү. Би яг Үндэсний дээд лигт оролцож байх үедээ бэртсэн. Тэрнээс хойш багш маань намайг нэг тоглолт дээр дуудсан. Тэр үед юу ч бодоогүй яваад “Хилчин” клубийн 500 хүүхэд, эцэг эхтэйгээ нийлээд хандив өгсөн. Хурдан эдгээд талбайдаа гараарай гээд хандив өгөхөд маш гоё санагдаж, урам авсан. Тэр үед би чинь энэ багтаа хэрэгтэй хүн юм байна, хичээх ёстой юм байна гэдэг урам зоригийг авсан. Би хагалгаанд орсноос хойш 9 сарын дараа талбай дээрээ гарч чадсан.
-Хүнд хэцүү үед хамт байсан баг хамт олон. Цаашлаад анхны клубийн дасгалжуулагч, хамт олноо санах байхдаа.
-Одоо миний сэтгэлд хүнд санагдаж байгаа зүйл бол багийнхныгаа аймаар их санах байх гэх бодол байна. Анх бөмбөг барьж эхэлсэн цагаасаа хойш яг л нэг багаараа тоглосон. Тэр багаараа хамтдаа Үндэсний дээд лигт ороод аварга болсон. Бид идэрчүүд, өсвөр гээд бүх тэмцээнд аваргалж үзсэн. Сая явах гээд багийнхантайгаа уулзаад зөндөө уйлсан. Манай найзууд өөрөө явахаар болчихсон юм шиг л баярлаж байна гэж хэлэхэд үнэхээр сайхан санагдсан.
-Танай гэр бүлийн нэг онцлог бол спортын гэр бүл гэж хэлж болохоор санагдсан.
-Манай аавыг н.Сансарболд гэдэг. Харин ээжийг н.Хишигтөр гэдэг. Аав маань сагсан бөмбөгийн тамирчин бол ээж маань волейболын спортын мастер зэрэгтэй. Манай аавын хувьд бүх спортыг маш их дэмжиж, сонирхдог. Намайг ямар ч тэмцээн уралдаанд явахад маш их дэмждэг. Харин миний ээжийн өөрөө волейболын тамирчин байсан болохоор надад өөрөөрөө үлгэрлэдэг. Цаашлаад дүү нар бүгд спортоор тодорхой хэмжээнд хичээллээд явж байна. Анх АНУ-руу явах шийдвэр гарах үед аав маань баярлаад Фейсбүүк дээр пост хийгээд л бүх хүнд хэлсэн.
-“ХИЛЧИН” БАГТАЙГАА ДЭЭД ЛИГИЙН АВАРГА БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙНА-
-Энэ хүртэл явахад мэдээж их хүчин чармайлт, тэвчээр, тууштай байдал чухал шүү дээ.
-Миний хувьд волейбол тоглож эхэлснээсээ хойш зун хээрийн бэлтгэлд гардаг байсан. Харин бусад улиралд хичээл, бэлтгэл, тэмцээн гээд маш шахуу цагийн хуваарьтай. Шантармаар үе зөндөө бий. Тэр бүрд энийг хийхгүй бол болохгүй гэж өөрийгөө хурцалдаг байсан. Миний хувьд зун гэр бүлээрээ аялах ч боломжгүй бэлтгэл хийдэг байсан. Ер нь гадагшаа тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй хүүхдүүдэд спортын ур чадвар чухал ч хариуцлагатай байдал, хичээл зүтгэл, сурлага, хэл чухал шүү гэж хэлмээр байна. Хичээлээ маш сайн хийх хэрэгтэй. Одоо хоёр жил яваад их зүйл сурч мэдэж, эх орондоо ирээд “Хилчин” багаараа лигийн аварга болмоор байна. Цаашлаад Монгол тамирчид хариуцлагатай, ур чадвартай гэдгийг АНУ-д харуулмаар байна.