Нийслэлийн хэмжээнд энэ онд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ гэдгийг албаныхан тодотгож буй. Харин иргэдийн зүгээс хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа, эвдэрч, хуучирсан явган хүнийг замыг сольж, шинэчлэхийг дэмжиж байгаа ч хэдхэн сарын өмнө шинэчилсэн замыг дахин сольж, эврэл гэмтэлгүй замыг хуулж байгааг шүүмжилж байгаа. Магадгүй үүний цаана төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, мөнгө угааж байж болзошгүй гэх хардлага ч бий. Энэ ч утгаараа Нийтийн өргөдөл гомдлын систем D.Parlament сайтад иргэн Цэгмэдийн Лут-Очир нийслэлийн төсвийн зарлагад хяналт, шалгалт хийх саналыг гаргаад байгаа.
Тэгвэл өнгөрсөн жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас л гэхэд 10 гаруй тэрбум төгрөгөөр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, явган хүний замыг шинэчлэх ажлын тендер зарласан 12 тэрбум төгрөгийн тендерийг хууль зөрчиж, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулсан байсан шалгалтаар илэрсэн байна.
Тухайлбал,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн явган замын засварын ажлын тендерт "Хэрмэдэй" ХХК-ийг бусад багцад банкны тодорхойлолтын зориулалт, тендерийн нэрийг тодорхой тусгаагүй шалтгаанаар тендерт шалгаруулаагүй мэдэгдэл хүргүүлсэн ч, багц-6 дугаар ажилд ижил баримтаар шалгаруулсан,
- Баянгол, Багануур, Багахангай дүүргийн бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах тендерт шалгарсан компани тендерийн баримт бичгийн зураг төсөл боловсруулах байгууллагатай холбоотой шалгуурыг хангаагүй этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан,
- Сонгинохайрхан дүүргийн бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын тендерт ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээний төсөвт өртгийн дүн нь тендерийн баримт бичгийн шалгуур хангаагүй байгууллагын сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн явган замын засварын ажлын тендерт Ашил мөнх арвижих ХХК нь багц 7, 8, 9-д шалгарсан боловч ажлын зураг хийж гүйцэтгүүлэх гэрээнд 3х3 талбай тохижуулах ажлын зура гүйцэтгэх гэрээг тендерийн баримт бичигт хавсаргаж илгээснийг сонгон шалгаруулсан,
- Баянгол, Багануур, Налайх, Багахангай дүүргийн бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл зөрүүтэй,
- Хан-Уул дүүргийн бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа "Шүрэн гоёл" ХХК-ийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлыг шаардлага хангаагүй гэж үнэлсэн боловч тус компанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байжээ.
Тиймээс ажлын болон хэмжилтийн зураггүй, төсвийг тухайн салбарын дүрэм, журмыг үндэслэн боловсруулаагүй, холбогдох хуулийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй зөрчлийг зогсоож, давтан гаргахгүй байж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг даалгажээ.