Голын усанд тоглож байгаад урссан гэх 11 настай хүүг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Голын усанд тоглож байгаад урссан гэх 11 настай хүүг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Өчигдөр /2025.08.12/ Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд голд хүүхэд живсэн гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан мэдээлэлтэй байсан. Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газар самналт хийхэд олдоогүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоосон.

Өнөөдөр /2025.08.13/-ны 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаанд НОБГ, ҮАБ, Агаараас эрэн хайх 111 дүгээр ангиас 31, цагдаагийн байгууллагаас 4, ар гэрээс 6 иргэний бүрэлдэхүүнтэй Сонсголонгийн гүүрнээс Биокомбинат орчимд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах
  • Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.