Б.Мөнхтамир: Нислэгийн үеэр гарсан техникийн саатлын үед шуурхай арга хэмжээ авсныг буруутган, харуулж байгаа нь нисгэгчдийн ур чадварыг үнэгүйдүүлж байгаа хэрэг

Б.Мөнхтамир: Нислэгийн үеэр гарсан техникийн саатлын үед шуурхай арга хэмжээ авсныг буруутган, харуулж байгаа нь нисгэгчдийн ур чадварыг үнэгүйдүүлж байгаа хэрэг

“МИАТ ТӨХК”-тай холбоотой мэдээлэл сүүлийн үед их гарах болсон билээ. Тухайлбал, “МИАТ ТӨХК”-ийн гүйцэтгэх захирал 30 сая төгрөгийн цалинтай, тус компани сүүлийн хоёрхон сарын хугацаанд хоёр ч удаа ослын буулт хийсэн гэх мэдээллийг энд дурдаж болно. Тэгвэл тус компанийн бүтэц, үйл ажиллагаа зэрэг асуудлаар “МИАТ ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.

ВИДЕО:

-Сүүлийн үед МИАТ компанийн онгоц техникийн саатлын улмаас хүрэх ёстой газартаа хүрээгүй. Энэ нь иргэдийг эрсдэлд оруулж байна гэх мэдээлэл гарах боллоо. Үүнд ч олон нийт нэлээдгүй анхаарал хандуулж байгаа учир та үүнд хариулт өгөөч?

-Олон нийтийн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллийн хувьд өнгөрсөн долоо болон наймдугаар сард гарсан хоёр тохиолдлыг онцолж, ярьж байх шиг байна. Ярих, анхаарах нь бол зөв. Гэхдээ удирдлагын хувьд аюулгүй ажиллагаагаа аюулгүй ажиллагааны горимын хүрээнд маш зөв алхам хийсэн гэж харж байгаа. Тухайн тохиолдлуудын хувьд ярихад долдугаар дугаар сард гарсан Улаанбаатараас Бээжин чиглэлд ниссэн агаарын хөлгийн дарга болон хамтран нисгэгчийн хурдны хэмжүүрүүд зөрөөтэй зааж байсан. Үүнийг шалгах зорилгоор хөлгийн дарга онгоцыг буцаах шийдвэр гаргасан. Онгоц хөөрснөөс 30 минутын дараа Чингис хаан онгоцны буудал дээр буусан. Улмаар агаарын хөлгийн хурдны хэмжүүрийн стандартын дагуу шалгуулсан. Шалгаж, үзээд агаарт хоосон нислэг үйлдэж шалгаад хэмжүүр адилхан зааж байсан учир буцаад нислэгтэй гарсан. Ийм л тохиолдол байгаа. Үндсэндээ хурдны хэмжүүр зөрөөтэй байхад цаашаа нислэгээ үргэлжлүүлээд явсан тохиолдолд ямар ч эрсдэл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ бол зөв үйлдэл шүү дээ. Үүнтэй холбоотойгоор гарч байгаа нислэгийн саатал, дамжин нислэгтэй холбоотой асуудалд “МИАТ” компани зохицуулалтыг дор бүр нь хийсэн.

-Хэдхэн хоногийн өмнө Токио чиглэлийн онгоцод саатал гарсан гэх мэдээлэл бий. Яагаад саатал гарав?

-Энэ сарын 4-ний өдөр Токиогоос Улаанбаатар чиглэлд ниссэн онгоц хөөрснөөс цаг орчмын дараа агаарын хөлгийн агааржуулалтын систем дээр алдаа гарсан гэсэн мессеж нисгэгч дээр гарсан байсан. Нисгэгч бууж шалах шийдвэр гаргасан. Улмаар хамгийн ойрын буюу Осака дахь онгоцны буудалд буусан. Тухайн үед шатахуунаа багасгаж буухгүй бол онгоцныхоо эд ангийг эвдэх, эрсдэлтэй. Иймд Осака хотын дээгүүр хоёр цаг орчим нисэж байгаад 18 цагийн үед газардсан. Энэ бол нисгэгчийн хийсэн зөв л үйлдэл байсан. Аюулгүй ажиллагаагаа хангаж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр уг асуудлыг онгоцыг нислэгт гарахаас нь өмнө шалгаагүй, онгоцны аюулгүй байдал алдагдсан гэж буруу ташаа мэдээлэх нь бол утгагүй зүйл.  

МИАТ компани онгоцыг дараагийн нислэгт гарахаас нь өмнө 2-3 цагийн хугацаанд онгоцны үзлэгийг хийгээд дараагийн нислэгт гаргадаг. Олон улсын агаарын тээврийн холбоо, Европын холбоо болон АНУ-ын аюулгүй ажиллагааны гэрчилгээтэй байгууллага

-МИАТ компани ер нь өнөөдрийн байдлаар хэдэн онгоцтой үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Онгоцнуудын насжилт ер нь хэдэн жил байдаг бол. Хамгийн чухал нь техникийн шинэчлэлт засвар үйлчилгээ байх?

-МИАТ компани өнөөдрийн байдлаар 10 ширхэг агаарын хөлөгтэй үйл ажиллагаа явуулж байна. Үндсэндээ 2019 оноос хойш үйлдвэрлэсэн залуу онгоцнууд байгаа гэсэн үг. Нислэгийн аюулгүй байдал гэдэг бол агаарын тээврийн компанийн хувьд хамгийн чухал зүйл. Бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулах юм бол аюулгүй ажиллагааны стандарт бол хоёр дахин илүү байдаг. Онгоцны стандартад нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх хатуу цагтай сэлбэг гэж бий. Тус сэлбэгүүдийг тухай цаг бүрд, эвдэрсэн эсэхээс үл хамааран сольдог. Мөн нислэгийн аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлдөггүй сэлбэг бий. Түүнийг  эвдэрсэн үед нь солиод явдаг. Ийм л процесстой.

-Төрийн өмчит хувьцаат компаниудыг шил дараалан нээлттэй компани болгох мэдээлэл гарч буй. Танай компанийн нэр дурдагдсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Эхний ээлжид томоохон ТӨК-иудад салхи оруулж олон нийтийн нээлттэй компани болох хэлбэрээр хувьчлах нь зөв зүйтэй алхам үзэж байгаа. ТӨК-иуд олон нийтийн хяналтад шилжсэнээр сахилга бат сайжрах, үр ашигтай ажиллана. Мөн компанийн дотоод засаглал, үйл ажиллагаа сайжрах юм.

-Таныг 30 сая төгрөгийн цалинтай гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Гүйцэтгэх захирлын хувьд би 30 сая төгрөгийн цалин авдаггүй. Хэвлэлийн хурлын үеэр уул уурхайн компаниудтай андуурагдаж хэлсэн байх гэж бодож байна. Энэ ТӨК-иудын цалинг бууруулж, урамшууллын системд оруулна гэдэг маш зөв үйлдэл гэж харж байгаа. Энэ бол нэг урам өгөх мотивац. МИАТ компанийн хувьд нисгэгч, инженер, техникийн ажилтнуудын цалин маань дэлхийн түвшинд нэлээн дөхөхүйц өндөр. Миат компанийн хувьд бол сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэлийн үнэлгээ дээр суурилсан цалингийн жишиг рүү шилжсэн. Гүйцэтгэлээрээ буюу хэр сайн ажиллаж байна төдий чинээ урамшуулал авдаг систем рүү шилжчихсэн. Энэ системийг бүх ТӨК-уд хийх ёстой гэж харж байгаа.

-МИАТ-ийг ашиггүй ашиглаж, онгоцны түрээсээ төлж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл өнгөрсөн хавар гарсан. Танай байгууллага ер нь ашигтай ажиллаж чадаж байгаа юу?

-Манай компанийн хувьд 2022 онд 37 тэрбум, 2023 онд 57 тэрбум, 2024 онд 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Монгол Улсын агаарын тээврийн салбарын зах зээл, аялал жуулчлалын салбарын зах зээл зуны гурван сар л байдаг. Үндсэндээ 6, 7, 8 дугаар сард нийт бүтэн жил тээвэрлэж байгаа зорчигчдынхоо 50 хувийг тээвэрлэдэг. Арваад жилийн өмнөх үеэ бодвол МИАТ компани нэгж нислэг дээрээс олдог орлогын хэмжээг асар багасгасан.

МИАТ компанийн 2024 оны хагас жилийн тайланг аваад алдагдалтай буюу онгоцныхоо түрээсийг ч төлж чадахаа болилоо гэсэн ташаа мэдээлэл гарсан. Бид олон улсын агаарын агаарын тээврийн холбооны гишүүн, олон улсад гэрчилгээжсэн нэр хүнд бүхий байгууллага. Ингэснээр онгоц түрээслүүлэгч компаний нэг сарын түрээсийг ч хоцроох эрхгүй. Түрээсээ нэг өдөр л хоцроох юм бол шууд төлбөрийн чадваргүй гэсэн ангилалд оруулдаг. Иймд сарын түрээс өгөхгүй байх, нэг өдөр ч хоцроосон байх ямар ч боломж байхгүй.

-Танай компани сүүлийн үед нэлээдгүй олон шинэ чиглэлийг нээж байгаа. Энэ нь иргэдийн эдийн засаг, цаг хугацаа хэмнэх олон талын сайн талтай. Харин байгууллагын хувьд санхүүгийн эрсдэлтэй юм биш биз дээ гэж харагдаад байдаг. Та үүнд хариулт өгөөч?

-Тийм ээ. “МИАТ” компанийн хувьд өнгөрсөн долдугаар сарын 1-нээс Улаанбаатар-Шанхай хотын чиглэлийг нээж, хөгжүүлээд явж байна. Мөн Улаанбаатар-Эрээн хотын чиглэлийг энэ сарын сүүлээр нээх байх. Цаашлаад ирэх арван нэгдүгээр сарын 4-нөөс Улаанбаатар-Сингапурын чиглэлийг нээнэ. Мэдээж шинэ чиглэл нээх тутам шууд ашиг хийгээд явах боломжгүй. Тодорхой хэмжээний алдагдлыг заавал үүрч явна. Энэ зөвхөн МИАТ компани биш Монгол Улсын агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа авиа компаниудын хувьд бол хамгийн том хүндрэлтэй асуудлуудын нэг. Цаашлаад “Миат” компанийн хувьд АНУ-ын нислэгийг шууд эхлүүлчих нь бидний хувьд ашигтай байгаа. Хятад болон Азийн бусад улсуудаас Улаанбаатараар дамжин АНУ-руу хүн тээвэрлэнэ гэсэн үг шүү дээ. АНУ-ын иргэний нисэхийн байгууллага Монгол Улсын иргэний нисэхийн байгууллагыг аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэр зөв хэрэгжүүлдэг вэ гэдгийг нь шалгах ажил явж байна.