Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага энэ оны наймдугаар сарын 04-өөс наймдугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.010 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа. Дээрх хугацаанд 1.362 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 783 хэрэг шинээр нээж, 231 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Авлигын 5, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 47, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 63, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 100, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 гэмт хэрэг тус тус байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Д.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Д.С, А.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.