"Дөрвөн сарын өмнө хуулж, шинэчилсэн явган хүний замыг дахин сольж байгаа нь мөнгө угаалт" хэмээн иргэд шүүмжилж байна

"Дөрвөн сарын өмнө хуулж, шинэчилсэн явган хүний замыг дахин сольж байгаа нь мөнгө угаалт" хэмээн иргэд шүүмжилж байна

Өнгөрсөн онд хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцүүлэн хөдөлгөөн хааж, авто зам засвар хийсэн нь хэл ам дагуулж байв. Үүнээс сургамж авч хотын хөдөлгөөн сийрэгжсэн энэ үед засварын ажлаа амжуулж буй нь сайшаалтай.  Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр эвдрэлгүй, шинэчлэх шаардлагагүй хэсгийг хуулж буйг цахим орчинд шүүмжлэх хүн олон байна. Тэгвэл энэ удаа бид шинэчлээд удаагүй явган хүний замыг дахин шинэчилж, төсвийн мөнгийг салхинд хийсгэж буй нэгэн жишээг хөндлөө.

ВИДЕО:

Их тойруугийн гудамжны хойд хэсэг буюу Баянзүрх дүүргийн 29 хороо нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ голын гүүр бидний хэлж заншсанаар 100 айлын гүүрийг өнгөрсөн дөрвөн сард шинэчилсэн. Тодруулбал тус гүүрийг будаж сэргээн, явган замыг шинэчлэх ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс шинэчилж дууслаа гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл яг дөрвөн сарын дараа Нийслэлийн явган хүний зам, талбайг тохижуулах ажлын хүрээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтад дахин шинэчилж байна. Уг ажлыг иргэд “мөнгө угаалт, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэлээ” хэмээн шүүмжилж байгаа юм.

Дээрх гүүр нь Их тойруугийн гудамжны хойд хэсгийн явган хүний зам, талбайг тохижуулах ажилд орсон бөгөөд нийт төсөвт өртөг нь 6,215,700,000 төгрөг. Энэ онд санхүүжих төсөвт өртөг 3,107,800,000 төгрөг байна. Үүний тодорхой хувь нь гүүрний ажилд зарцуулагдах нь тодорхой.

-НИЙСЛЭЛИЙН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ АЖЛЫН БАГЦ ТУС БҮРД 2-6 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА-

Нийслэлийн явган хүний зам, талбайг тохижуулах ажлын багц тус бүрд 2- 6 тэрбумыг зарцуулах аж. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайг засахад хэдэн төгрөг төсөвлөснийг Нийслэлийн 2025 оны төсвөөс шүүж үзлээ. 2025 онд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажилд 32 тэрбум 52 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. Нээлттэй тендерийн мэдээллээс шүүж үзвэл зам, талбай тус бүрийг тохижуулахад 2-6 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулах юм байна.

-ДӨРВӨН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫГ 16.3 ТЭРБУМААР ХИЙНЭ-

  • Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Их тойруугийн гудамж-Хойд хэсэг Санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсвийн хөрөнгө агаад нийт төсөвт өртөг 6,215,700,000 төгрөг. Энэ онд санхүүжих 3,107,800,000 төгрөг;
  • Бага тойруугийн гудамж-Хойд хэсэг Санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсвийн хөрөнгө байна. Тухайн ажлын нийт төсөвт өртөг нь 3,931,400,000 төгрөг болно. Энэ онд санхүүжих 1,965,700,000 төгрөг;
  • Бага тойруугийн гудамж-Урд хэсэг Санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсвийн хөрөнгө. Тухайн ажлын нийт төсөвт өртөг 3,001,700,000 төгрөг гэжээ. Энэ онд санхүүжих 1,501,000,000 төгрөг;
  • Олимпын гудамж, Их Монгол Улсын гудам-Баруун Санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсвийн хөрөнгө. Тухайн ажлын нийт төсөвт өртөг бол 3,202,800,000 төгрөг. Энэ онд санхүүжих 1,601,400,000 төгрөг байна хэмээн тендерийн баримт бичигт тусгасан байна. Эл дөрвөн байршилд хийх ажлын нийт өртөг 16 тэрбум 350 гаруй сая төгрөг.

-ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ЗАСАХ НЭРЭЭР ЭВДРЭЛГҮЙ, ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ 786 ТН ХАВТАНГ ХУУЛЖЭЭ-

Нийслэлийн удирдлагууд, зам, дэд бүтцийн асуудал хариуцсан байгууллагынхан төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулж байгааг “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагаас мэдээлж байсан. Тэгвэл энэ жил хотын төвийн зургаан дүүрэгт зөвхөн явган хүний замыг 32 тэрбум төгрөгөөр сольж, шинэчлэхдээ дээрх зөрчлүүдийг дахин давтаж байгааг тэд дурджээ. Төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр дүүргүүдэд хийж буй зам, дэд бүтцийн ажилд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн хяналт тавьж, эвдрэл хагаралгүй хавтангуудыг дахин ашиглах боломжийг судалжээ. Ингэхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагад 346, Баянголынход 300, Сонгинохайрханыхад 60, Чингэлтэй, Хан-Уулынхад тус бүр 40 тонн гээд нийт 786 тонн дахин ашиглах боломжтой хавтан агуулахад хадгалагдаж буй нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, явган хүний зам засах нэрээр ийм хэмжээний хавтанг дэмий хуулсан гэсэн үг. Төсвийн хөрөнгийг үр ашигтай хуваарилах, зарцуулах ямар их нөөц боломж байгааг үүнээс харж болно.