ВИДЕО: "Голомт"-ын Д.Баясгалан Урт цагааныг тохижуулсан нэрээр хэдэн жилийн дараа "Эзэн" сууж магадгүй байна

ВИДЕО: "Голомт"-ын Д.Баясгалан Урт цагааныг тохижуулсан нэрээр хэдэн жилийн дараа "Эзэн" сууж магадгүй байна

Хотын удирдлага, холбогдох албаныхан иргэд амардаг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж Урт цагааны барилгыг нураасан билээ. Үүний араас иргэд "Рио тинто" компанийн тохижуулсан  цэцэрлэгт хүрээлэн шиг ногоон байгууламж хүлээж байв.

ВИДЕО:

-ИРГЭД АВТО ЗОГСООЛ БОЛГО ГЭЖ ДЭМЖЭЭГҮЙ-

Тодруулбал, XX зууны Улаанбаатарын бүтээн байгуулалтын үеийн түүхийг өгүүлэх ууган барилгуудын нэг Урт цагааны барилгыг өнгөрсөн жилийн нэгдүгээр сард нураасан. Тухайн үед нийслэлийн холбогдох албаныхан “Иргэдийн дунд санал асуулга явуулахад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн”  гэх үндэслэл хэлж байв. Товчхондоо, иргэд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.  Гэтэл "Голомт"-ын Д.Баясгалан "цемент дээр цэцэг ургуулна" хэмээн иргэдийн цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэн газарт цэцэрлэгт хүрээлэн нэрийн дор далд зогсоол байгуулж орхив. Угтаа иргэд "Рио тинто" компанийн тохижуулсан  цэцэрлэгт хүрээлэн шиг ногоон байгууламж хүлээж байсан нь гарцаагүй. 

Уг бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгчээр "Бодь пропертийз" ХХК шалгаран өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гэрээ байгуулсан. Уг компани нь "Бодь групп"-ийн охин компани бөгөөд "Голомт"-ын гэх тодотголтой Д.Баясгалангийн эзэмшлийнх. Өөрөөр хэлбэл Д.Баясгалан Нийслэлийн өмчөөр бас нэгэн бизнесээ эхлүүлсэн хэрэг. Тэгвэл 44 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Бодь пропертийз”-ээр бариулж буй цэцэрлэгт хүрээлэнд далд авто зогсоол нэрийдлээр "Голомт"-ын Д.Баясгалан эзэн сууж магадгүй гэх хардлага байна.

-С.ЗОРИГИЙН ХӨШӨӨНИЙ ХАЖУУД БАЙХ АН-ЫН БАЙРНЫ ГАЗРЫГ ГОЛОМТ БАНКНЫ ЭЗЭН Д.БАЯСГАЛАН ЭЗЭМШДЭГ-

Учир нь С.Зоригийн хөшөөний хажууд АН-ын байрны газрыг эзэмших эрх 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Ардчиллын өргөө” ХХК-д шилжсэн байгаа юм. Харин энэхүү “Ардчиллын өргөө” ХХК-ийг Д.Баясгалан ганцаараа эзэмшиж байна. “Тус газрыг Д.Баясгалан 480 мянган ам.доллароор МҮДН-ээс худалдаж авсан байж болзошгүй. Улмаар тус газарт томоохон барилга барихаар төлөвлөсөн” гэх шуум улс төрийн хөшигний ард хөвөрсөн байдаг.

Энэ мэтээр улсын “А” зэрэглэлийн газруудад эзэн сууж, ногоон байгууламж гэх нэрийн дор далд зогсоол болгож хувьдаа авчих вий гэх хардлага төрж байна. Дээр нь иргэдийн өмч доор нь үл хөдлөх хөрөнгө. Нэг өгүүлбэрээр Д.Баясгалангийн хувьд 44-хөн тэрбумаас ашиг харах хүн биш ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хөрөнгийг бүрдүүлээд байна гэсэн үг.

-ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭС АВТОМАШИНЫ ДАЛД ЗОГСООЛ, ДЭРГЭДЭЭ ГУРВАН ДАВХАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БОЛСОН НЬ-

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүний талаар “Урт цагааныг цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлалын гудамж болгоно” хэмээн мэдэгдсэнийг олон нийт одоо ч мартаагүй биз. Бас Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Хүйтний улиралд барилгыг буулгана. Дулааны улирал эхлэнгүүт цэцэрлэгт хүрээлэн байгуулна” гэж ярьж байлаа. 

Одоо нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт 1.3 га талбайг хамарсан уг цэцэрлэгт хүрээлэн нь 109 автомашины далд зогсоол, дэргэдээ гурван давхар үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөгдсөн гээд ярьж, ажил нь шувтарч байдаг .

Нийслэлийн засаг даргаар улиран томилогдохдоо Х.Нямбаатар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу хоёр орлогчоо томилох үед  Д.Баясгалан өөрийн хүн гэгдэх Т.Даваадалайг нэгдүгээр орлогчоор, төрсөн дүү Т.Мөнхдалайг нь "Улаанбаатар метро" хариуцсан удирдагчаар томилуулсан гэдэг. Т.Даваадалайгийн хувьд 2021 оноос “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал, 2022-2024 онд “Бодь” группийн R&D төвийн даргаар даргаар ажиллаж байгаад уг албанд тушаалд очсон нэгэн. 

Үүгээр Хотын дарга Х.Нямбаатар, "Голомт"-ын Д.Баясгалан хоёр ойр гэдэг нь харагдана.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 2024 оны наймдугаар 26-ны өдөр шав тавьж эхэлсэн байдаг. Хотын дарга Х.Нямбаатар нь 2024 оны аравдугаар сарын 15-ны өдөр Т.Даваадалайг өөрийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилсон. Энэ үеэс Урт цагаан автомашины зогсоол болох ажил хурдацтай урагшилсан байгаа юм.  Үүнтэй холбоотойгоор “Урт цагааныг “зогсоол” болгож байгаад нэг л өдөр газарт нь өндөр барилга босгочих вий” гэж иргэд санаа зовоод эхэлжээ. Бас иргэд төсвийн 44 тэрбум төгрөгөөр 1.3 га газар ийм юм хийчхээд санаа зовж байгаа болов уу гэж шүүмжилж байна. Ер нь юу ч болж хувирсан цэцэрлэгт хүрээлэн болгох тухай яриаг олон нийтийн ой санамжаас “устгах” юм биш биз дээ.