Долдугаар сарын 24-31-ний хооронд бүсүүдийн хурдан морины уралдааны үеэр 51 унаач хүүхэд мориноос унаж, 13 хүүхэд бэртжээ

Долдугаар сарын 24-31-ний хооронд бүсүүдийн хурдан морины уралдааны үеэр 51 унаач хүүхэд мориноос унаж, 13 хүүхэд бэртжээ

Хүний эрхийн Үндэсний Комисс 2025 оны 7 дугаар сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд Хангай, Говь, Баруун, Зүүн бүсийн хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, ажиглалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.

Хангайн бүсийн уралдаанд:

Уралдаанд есөн насны ангилалд нийт 834 хурдан морийг давхардсан тоогоор 592 хүүхэд унаж, уралдсан байна. Тус уралдааны үеэр 22 хүүхэд мориноос унажээ. Үүнээс 7 хүүхдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд (БОЭТ) нарийн шинжилгээ хийж, шаардлагатай эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлсэн. Хүүхэд бүрийг ХГБХХГ-ын албан хаагчид эцэг эх, асран хамгаалагч, уяачид нь холбогдох маягтыг бөглүүлэн хүлээлгэн өгчээ.

Говийн бүсийн уралдаанд:

Уралдаанд нийт 650 гаруй хурдан морийг 300 гаруй уралдаанч хүүхэд унаж оролцсон. Уралдааны явцад 10 хүүхэд мориноос унасан бөгөөд хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулан, бэртэл, гэмтэлгүй оноштойгоор асран хамгаалагч, уяачдад нь хүлээлгэн өгч, цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн байна.

Баруун бүсийн уралдаанд:

Уралдаанд 9 насны ангилалд нийт 700 гаруй морийг 276 уралдаанч хүүхэд унаж уралдсан. Уралдааны явцад 7 хүүхэд мориноос унаж, 5 хүүхдийг бэртэл гэмтэлгүй тул эцэг, эхэд нь хүлээлгэн өгч, 2 хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбон зуучилж ажилласан бөгөөд даатгалын компанид хүүхдүүдийн бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн.

Зүүн бүсийн уралдаанд:

Хурдан морины уралдаанд нийт есөн насны 625 хурдан морийг 268 уралдаанч хүүхэд унаж уралдсан бөгөөд 12 хүүхэд мориноос унаж, 4 нь гэмтсэн. Гэмтсэн хүүхдүүдийн 3 нь хөнгөн зэргийн бэртэл авсан бол нэг хүүхдийн хөл хугарч, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд (БОЭТ) эмчлүүлж байна.

Хяналт, ажиглалтын хүрээнд дараах нийтлэг зөрчлүүд гарчээ.

  • Уралдахаас өмнө хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн асуудал;
  • 8 нас хүрээгүй хүүхдийг уралдаанд бүртгүүлэх оролдлого гарсан, бүртгэлийн үнэн зөв байдлыг магадлах асуудал
  • Хамгаалалтын хувцас стандартын шаардлага хангахгүй, малгай, гутал дутуу эсвэл тохирохгүй хэмжээтэй байсан;
  • Хүүхдүүд пүүз, богино түрийтэй гуталтай уралдах нь нийтлэг;
  • Хүүхдийн биед болон морины дэл, сүүлэнд богино холбоо ашиглахаар бэхлэн нуусан;
  • Ташуур нь хэт урт;
  • Морины аманд хийхээр бэлтгэсэн шприцтэй шар тос, шүгэл зэргийг биедээ авч явсан.
  • Тавиач хүүхэд гэх бусад хүүхдийг саатуулах эсхүл өөрийн уяаны хүүхдийг дэмжих зорилготой хүүхдүүдийн асуудал
  • Бүртгэл хийж байгаа хэсэг, морь дахин хэмжилт хийх тохиолдолд болон морь нь хасагдсан хүүхдүүд, уралдах морьд гараанаас гартал хэмжилт хийх газарт нар, борооноос хамгаалах сүүдрэвчгүй хүлээж байна.



Өнөөдөр нохой өдөр

21 цагийн өмнө