Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь өнгөрсөн тавдугаар сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тус хэргийг Тайландын цагдаагийн газраас мөрдөн шалгасан бөгөөд шалгалтын явцын талаарх мэдээлэл одоогоор олон нийтэд ил болоогүй байна. Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор болон Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул түүнийг эргүүлэн татах ёстой гэдгийг олон нийт шаардаж буй. Тэгвэл А.Төмөр нь өдгөө ч үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Учир нь түүнийг эргүүлэн татах саналыг Гадаад харилцааны яамнаас Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөхөөр саналаа хүргүүлсэн ч хаврын чуулганаар хэлэлцэж, шийдвэр гаргаагүй тул тэрбээр өдгөө ч ажлаа хийж байгаа аж. Харин Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийг эргүүлэх татах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр товлосон байна. УИХ-аас түүнийг эргүүлэн татахыг дэмжвэл тэрбээр ажлаа өгөх юм.