ФОТО: Богдхан ууланд тарвага агнасан байж болзошгүй "Ланд 200" маркийн автомашинтай иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ

ФОТО: Богдхан ууланд тарвага агнасан байж болзошгүй "Ланд 200" маркийн автомашинтай иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ

Өчигдөр /2025.08.04/ 15:00 цагийн орчимд дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд буун дуу гарч тарвага буудсан байж болзошгүй мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны албан хаагчид  газар дээр нь шуурхай очиход нэг тарвага буудуулсан байдалтай олджээ.    

Хан-Уулын дүүргийн цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж, сэжигтэй ланд 200 маркийн хар өнгийн автомашиныг нийслэлийн хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр ажиллаж байгаа ажээ. 

Хэргийн газар Зоонозийн мэргэжилтэн ирж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж буудуулсан тарвагыг авч явсан байна. 

Иргэддээ анхааруулахад, Эрүүгийн хуулийн 24.5-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. 

Мөн амьтны тухай хуулийн 9-р зүйлд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд агнах, барихыг хориглоно. Жич: Байгаль орчны талаарх зөрчил мэдээллийг 117 тусгай дугаарт авч байна. 

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам