Насанд хүрээгүй хүүхдийн санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлж байсан этгээдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Б.А нь насанд хүрээгүй хүүхдийн санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хүн худалдаалах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.