"Парис-2024" олимпийн наадмаас монгол тамирчид ганзага дүүрэн ирсэн ч тус наадмын үеэр олны дургүйцлийг төрүүлсэн үйл явдал олонтой болж өнгөрсөн билээ.
Тухайлбал, "Монгол Улсын олимпийн баг хоол зүйч, сэтгэл засалчгүйгээр Парисыг зорьсон нь тамирчдын амжилт, ялалтад нөлөөлсөн", "Холбогдох мэргэжлийн хүмүүсийг авч яваагүй атлаа албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг улсын зардлаар Франц руу авч явсан байж болзошгүй" гэх шүүмжлэл газар авч байсан ч асуудал тэгсхийгээд намжсан байдаг. Мөн Монгол Улс “Парис-2024” олимп, паралимпын наадамд нийт 25.6 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулсан гэх мэдээлэл бий. Тэгвэл улсын төсвийн 25.6 тэрбум төгрөгөөс гадна тус наадмыг үзэж сонирхох зардалд төрийн өмчит үйлдвэрийн газрууд ч багагүй хөрөнгө зарцуулсан нь ил болж эхэлжээ.
Тодруулбал, Г.Ёндон захиралтай "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 2024 онд ажилтнуудаа Парисын олимпийн наадам үзүүлж, "тансаглуулсан" нь аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн байна.
Тодотговол, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь "Нью жуулчин турс" ХХК-ийн “Парис-2024” зуны олимпийн наадам үзэх аялалд долоон ажилтнаа аялуулжээ. Ингэхдээ 111.3 сая төгрөг зарцуулж, төсвийг үр ашиггүй зарцуулсан нь шалгалтаар илэрсэн аж. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь тухайн хөрөнгийг 2024 оны долдугаар сарын 25-ны өдөр "5/170-24 тоот гэрээний дагуу" гэх утгатайгаар "Нью жуулчин турс" ХХК-ийн данс руу шилжүүлсэн байна. Харин "Эрдэнэт үйлдвэр"-ийн тухайн нэр бүхий долоон албан тушаалтан нь чухам ямар албан тушаалын, хэн, хэн гэж хүн байсан талаарх мэдээлэл ил болоогүй байгаа юм.