Л.Чинзориг: Оюутан цэргийн алба хааж байхдаа ангийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр АНУ-ын “Drexel University”-д сурах эрхээ авч, визний ярилцлагадаа тэнцсэн

Л.Чинзориг: Оюутан цэргийн алба хааж байхдаа ангийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр АНУ-ын “Drexel University”-д сурах эрхээ авч, визний ярилцлагадаа тэнцсэн

"Оюутан цэрэг"-ийн албанаас эх орноо хөгжүүлэх халуун сэтгэл өвөрлөн хүний нутгийг зорих гэж буй Лхагвадоржийн Чинзоригтой бид ярилцлаа. Тэрээр СЭЗИС-ийн оюутан бөгөөд "Оюутан цэрэг"-ийн алба хааж байх хугацаандаа Америкийн Нэгдсэн Улсын "Drexel University"-д суралцах эрхээ авчээ. Улмаар АНУ-ын элчин сайдын яаманд визний ярилцлагад тэнцсэн хариугаа өнгөрсөн долоо хоногт аваад буй юм. 

ВИДЕО:

-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу? -Намайг Лхагвадорж овогтой Чинзориг гэдэг. Би 2025 оны “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын байлдагч. Би Инженер сапёрын тусгай хороо буюу Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид оюутан цэргийн албаа хааж байна. Би СЭЗИС-д эрх зүй болон нягтлан бодох бүртгэл гэсэн хос мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалахаар суралцаж байсан.

-ХҮНИЙ НУТГИЙГ ЗОРИХООСОО ӨМНӨ ЭХ ОРОНДОО ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭЖ БОДСОН-

-АНУ-ын “Drexel University”-д суралцах эрхээ авсан байсан. Мөн тус улсын элчин сайдын яаманд ярилцлагад тэнцсэн тухай мэдээг уншсан. Хэзээнээс энэ сургуульд суралцахаар төлөвлөж, бэлдэж эхэлсэн бэ?

-Миний одоо суралцах гэж байгаа сургууль бол АНУ-ын Пеннсилвани мужийн Филаделфиа хотод байдаг. Тухайн сургуульд эдийн засгийн мэргэжил эзэмшихээр төлөвлөж байна. Тухайн сургуулийн хувьд оюутан элсүүлэх элсэлтийн шат материал авах нэг сарын хугацаатай байдаг. Би сургуульдаа өөрийн материалаа явуулаад хариугаа оюутан цэргийн алба хааж байх үедээ буюу өнгөрсөн 4-р сард авсан. Мэдээж, АНУ-ын элчин сайдын яаманд ярилцлагад орох том даваа үлдсэн. Ингээд 14 хоногийн өмнө ярилцлагадаа орсон. Тэнцчихсэн гэх хариугаа аваад долоо л хонож байна даа.

-Тэнцсэн гэх хариу авах мөч ямар байв. Хүсэл мөрөөдлийнхөө нэг хэсэгт хүрсэн байна шүү дээ.

-Анх хариугаа аваад хамгийн түрүүнд энд байгаа найзууддаа хуваалцсан. Учир нь цэргийн албыг мөр зэрэгцэн хаасан найз нөхөд маань хамгийн их дэмжиж, урам өгч байсан. Хариугаа аваад шууд л найзууд руугаа гүйчихсэн. Бүгд баярлаад, баяр хүргэсэн. Тэр мөч их гоё байсан.

-АНУ-РУУ ХАМАГ АМЬДРАЛАА 23 КГ ГАР ТЭЭШИНД БАГТААГААД ЯВНА ДАА-

-Элчин сайдын яаманд ярилцлагад орох ямар байв. Их сандарсан уу?

-Ярилцлагад орохоос өмнө бол маш их сандарч байсан. Юу гэж асуух бол зэрэг олон зүйл бодогдож, өөртөө итгэх итгэлгүй болчихсон байсан. Салааны захирагч, удирдлагууд маань маш их дэмжиж, урам өгч, зөвлөгөө өгсөн. Тэр ярилцлагад хамгийн их өөртөө итгэх итгэл, урам өгсөн хүн маань бол салааны захирагч байсан. Хэрэв би Элчин сайдын яамны ярилцлагад тэнцэхгүй бол өдийг хүртэл гаргасан хүч хөдөлмөр маань үнэ цэнгүй болчихно шүү дээ.

-Яагаад оюутан цэргийн албыг хаая гэсэн шийдвэр гаргасан бэ?

-Хүний нутагт боловсрол эзэмшихээсээ өмнө эх орондоо иргэний цэргийн үүргээ биелүүлсэн нь зөв санагдсан. Тэр зорилгоо биелүүлэх гэж байгаадаа маш их баяртай байна.

-ЭЭЖ ААВЫН ХҮҮ БИШ ЭХ ОРНЫ ХҮҮ БОЛООД ХҮНИЙ НУТГИЙГ ЗОРИЛОО ДОО-

-Гэр бүлийнхэн нь баярт мэдээг нь сонсоод хэрхэн хүлээн авсан бэ? -Манай гэр бүлийнхэн надад маш их итгэдэг. Хүссэн сургуульдаа тэнцээд явах болсон тухайгаа хэлэхэд манай гэр бүл гайхаагүй. Болж дээ миний хүү гэсэн. Одоо удахгүй тангаргаа өргөөд, цэргийн албанаасаа халагдана. Тэгээд долоо хоногийн дараа АНУ-руу хамаг амьдралаа 23 кг гар тээшинд багтаагаад явна даа.

-Ингээд эргээд харахад цэргийн алба хаах хэр зөв шийдвэр байсан байна.

-Анх цэргийн албанд ирэхдээ өөртөө итгэх итгэл муу, дуу цөөтэй байсан. Улмаар хүрээлэлдээ уусаад нээлттэй болсон. Манай албаны сэтгэл зүйч надад маш гоё үг хэлсэн. “Хүний нутагт очиход улсаа төлөөлж чадах, чадамжтай иргэн болсон” шүү гэж хэлсэн. Энэ үг надад үнэний ортой санагдсан. Үнэхээр би цэргийн албанд ирснээр эх орноо хайрлах сэтгэлтэй, тэвчээр, хатуужилтай, тууштай хүн болсон. Ээж аавын хүү биш эх орны хүү болоод хүний нутгийг зорилоо доо.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө