Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд 2025 оны эхний хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/01 дугаартай удирдамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах 139 объектын 248 зуухыг хяналт шалгалтад хамруулж агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, агаар, хөрс, усан орчинг шинжилгээнд хамруулаагүй, зуухны янданд шүүлтүүр суурилуулаагүй, утаа шүүгч, үнс баригчийг зураг төслийн дагуу угсарч суурилуулаагүй , зуухны яндангаас гарах хаягдал утаанд бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй зэрэг зөрчил гаргасан 50 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад байна.
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/09 дугаартай удирдамжийн дагуу хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах 333 объектын 482 уурын болон усан халаалтын зуухыг хяналт шалгалтад хамруулж 438 зөрчил дутагдлыг арилгуулахаар 51 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, зөрчил 38 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн үр дагавар арилгуулах албан даалгавар хүргүүлэн хяналт тавин ажиллаж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.