УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэж өгөх ёстой. Үүний дагуу нам, эвслүүд өнөөдөр мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгч байна. МАНХ, МУНН, ИЗНН-ын хамтарсан "Та бидний эвсэл" 15.00 цагаас мөрийн хөтөлбөрөө хүлээлгэж өгөхөөр болсон бол МАН саяхан хүлээлгэн өглөө.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ "МАН-ын хөтөлбөр үндсэндээ “Алсын хараа 20-50” Монгол Улсын урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жил гэж ойлгож болно. “Алсын хараа 20-50” хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцон боловсруулж, УИХ-аар хэлэлцэн батлуулахаар өргөн барьсан.
Ирэх жилүүдэд төлөгдөх өр их бий. Дараагийн дөрвөн жил ч өрийн дарамттай байна. Энэ бүх зүйлийг үндэслэж илүү бодитой байх хөтөлбөр боловсруулсан. Дундаж орлоготой иргэдийг дэмжих, тэр дундаа орон сууц, зээлийн дарамтыг багасгах тал дээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн зорилт оршиж байгаа" гэлээ.