Өчигдөр www.undesten.mn сайтад дөрвөн жилийн өмнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 120 хүүхдийн цэцэрлэг барихаар 870 сая төгрөгийн хандив цуглуулж улмаар Баянгол дүүргийн Засаг дарга уг мөнгийг авч захиран зарцуулсан мэт мэдээлэл гарсан байна.
Тус хороонд цэцэрлэг барих санаачлагыг 2015 онд МҮОНТВ ”Сэтгэлийн үндэс” нэр бүхий төслийн хүрээнд эхлүүлсэн байдаг. Улмаар 2018 онд Баянгол дүүрэгт цэцэрлэгийн барилгын ажлыг шилжүүлэх хүсэлтээ илэрхийлж дүүргээс барилгын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хандив тусламж санхүүжилтийн болон байгууллагын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн байгууллагаар аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай болохыг мэдэгджээ.
Улмаар 2018.08 дугаар сард МҮОНТВ-ээс аудитын дүгнэлт ирүүлсэн ч шаардлага хангахгүй болохыг мэргэжлийн хүмүүс тогтоосон байна. Дусаагүй барилгын ажлыг шилжүүлэхдээ барилгын ажлын батлагдсан зураг, барилгын үе шатны хяналтын тайлан, далд ажлын акт, мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн аудитын дүгнэлт шаардлагатай байдаг байна. Тиймээс Баянгол дүүрэг уг цэцэрлэгийн барилгын ажлыг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.
Барилгын ажил яагаад зогсонги байдалд орсон, хандивын мөнгө хаашаа орсон зэрэг асуудлыг МҮОНТВ-ийн удирдлагуудаас тодруулах нь зүйтэй юм.