АНУ-ын Засгийн газраас эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулах, “COVID-19” халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулахад зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг хандивлаж буйг өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр мэдэгдлээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ, “АНУ-ын Засгийн газраас “COVID-19” халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг би энд зарлаж байна.
АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдэлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна. “COVID-19” халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотооддоо төдийгүй дэлхий дахинд “COVID-19” халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас “COVID-19” халдвараас сэргийлэх чиглэлээр өнөөг хүртэл авч хэрэгжүүлж буй ажил өндөр сэтгэгдэл төрүүлж байна" гэдгийг тодотгов.