Улсын онцгой комиссоос байгуулсан шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл /2020.03.23/ хийлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Монгол улсад COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Эрүүл мэндийн яаманд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн хуурамч мэдээлэл тараасан. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Нийт дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн тусгаарлалтад байгаа оюутан, залуус нэг өрөөндөө цугларч хөзөр тоглох зэргээр тусгаарлалтын дэглэм зөрчсөн асуудал үүссэн. Энэ бол онцгой нөхцөл байдлын тусгаарлах байр болохоос биш зочид буудлын өрөө биш гэдгийг анхаарах хэрэгтэй байна" гэлээ.
-ГЭРЭЭР ТУСГААРЛАГДАХ ИРГЭД ЖУРАМ ЗӨРЧВӨЛ ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА-
Харин ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хэд, хэдэн шийдвэр гаргасан.
Тухайлбал,
-Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжлүүлээд хаахаар болсон.
-Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаана.
-Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах
-Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах шийдвэр гарсан.
-Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дархан, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Завхан аймагт тусгаарлагдан ажиглагдаж байгаа иргэдтэй холбоотойгоор тус аймгуудын шуурхай штабд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.
Түр тусгаарлах 14 хоног нь дууссан иргэдийг үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлах ажлыг зохион байгуулна. Тухайн иргэн гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал орсон. Гэрээр тусгаарлагдах иргэдийг хянах гар утасны аппликейшн болон бүсийн хяналтыг зохион байгуулах ажлыг зохицуулж байна.
ОХУ-ын Ташанта Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэлээ.
-Б.УУГАНБАЯР. ОХУ-ААС ИРСЭН ОЮУТНУУД ХООЛОО ГОЛЖ, ЯНЗ БҮРИЙН ЗҮЙЛ НЭХЭЖ БАЙНА-
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 2031 хүн тусгаарлагдах байранд байна. Тусгаарлах байрууд ачаалалтай байна. Улаанбаатар хотын ойролцоох амралт, сувиллын газруудыг судалж байгаа. Төмөр замын байгууллагаас Баянбуурал амралтад иргэдийг байрлуулах боломжтой гэдгээ хэлсэн.
Баян-Өлгий аймгийн халдвар хамгааллын дэглэмийн асуудал одоо жигдэрч байна. Хүндрэл бэрхшээл байсан. Халдвар хамгааллын дэглэм гэдэг тоглоом биш. Хэн дуртай нь өөрийнхөөрөө байдаг асуудал биш. Багабаян амралтын газарт очлоо. Халаалтын асуудлыг шийдсэн. Шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Алтанбулагийн боомт дээр 8 байцаагч ажиллаж байна. Сүүлийн үед ОХУ-аас оюутнууд их ирж байна. Тус оюутнуудын ар гэрийнхэнд хандаж хэлэхэд "Тусгаарлах байранд байхдаа дүрэм журмыг ягштал дагаж мөрдөөрэй" гэж үр хүүхэддээ хэлээрэй. Хоол голсон, янз бүрийн юм нэхсэн асуудал байна. Бид халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллаж байгаа шүү. Учир зүйгээ олоод байвал ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэв.