УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хөрш, дотно дүүгийнх нь гэрт АТГ-аас өчигдөр /2025.06.24/ нэгжлэг хийсэн талаар тэрбээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн. Энэ талаар тэрбээр “Миний ойр тойрны туслах янз бүрийн хүмүүсийг шалгаад зовоож байгаа. Гэхдээ би өнөөдөр үүнийг ярих гээгүй. Парламентын дархлааны талаар ярина” хэмээсэн байдаг.
Харин Авлигатай тэмцэх газраас “УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон МҮЭХ-ны албан тушаалтнуудтай холбоотой 15 гомдол мэдээлэл 2020 оноос хойш ирсэн. Үүнээс 11-т нь хэрэг бүртгэл нээж, дөрвөн хэргийг нь одоо мөрдөн шалгаж байна. Өнөөдрийн байдлаар С.Ганбаатар гишүүний нэр дээр бүртгэлгүй аж ахуйн нэгжид нэгжлэг хийж ажилласан. Энэ үеэр хүн саатуулж, хүч хэрэглээгүй” гэдгийг тодотгосон юм.
Тэгвэл АТГ-ын алба хаагчдын нэгжлэг хийхээр очсон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газар нь хэний эзэмшлийнх байв, яагаад УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн бус бусдын гэрт нэгжлэг хийхээр очсон алба хаагчдад саад учруулж, гишүүний бүрэн эрхээр сүрдүүлэв гэдэг нь анхаарал татаж байна. Тиймээс бид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын "хамгаалж, бичлэг хийсэн газар нь хэнийх болох"-ыг тодрууллаа.
-"ОРГАНИК КОВ" ХХК 10 МЯНГАН М2 ГАЗРЫГ МОД ҮРЖЛҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭЗЭМШИЖ БАЙНА-
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 10 мянган м2 газар нь "Органик ков" ХХК-ийн эзэмшлийн газар аж.
Тухайн газрыг мод үржүүлгийн чиглэлээр 2023 онд эзэмших эрхийн гэрчилгээ авчээ. 2038 он хүртэл эзэмшсэн тухайн газрыг эзэмшиж байгаа "Органик ков" ХХК нь Сүхбатын Зоригтбаатар, Нацагдоржийн Наранбаяр нарын эзэмшилд байдаг компани бөгөөд газар тариалан, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнийн тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм байна. Тухайн компани нь УИХ-ын гишүүн С.Ганбаатартай хамааралтай гэх мэдээлэл байхгүй байгаа юм.
Харин тэрбээр АТГ-ын мөрдөгчдийг нэгжлэг хийх гэж байх үеэр "Миний ойр дотнын дүүгийнх, манай зуслангийн байшин хажууд нь байдаг. Гэр хороолол дунд байгаа энгийн л нэг хашаа" гэхчлэнгийн зүйл ярьж байв. Харин тухайн байршил нь Туул голын хөвөөн, усны сан бүхий газрын ойролцоо байрладаг байна.