МАН-ын Бага хурал онлайнаар эхэллээ. Хуралдаанаар мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах юм. Яг одоо мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн саналыг авч байна.
Мөрийн хөтөлбөрт "Монгол улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх" хөтөлбөрөөс тодорхой хэсэг нь орж байгаа аж.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг нараар удирдуулах шийдвэр гаргажээ. МАН-ын Бага хурлын эрхтэй 357 гишүүн байдгаас өнөөдрийн хуралд 326 нь оролцохоор болжээ.
Тус намын гишүүдийн хэлж буйгаар хурал саадгүй, зохион байгуулалт сайтай болж байгаа аж.
Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд 2020 оны гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө батлан, аудитын байгууллагад хүргүүлэхийг сонгуулийн хуульд заасан. Гэвч шинэ коронавирусийн тархалтын улмаас хүмүүсийг олноор цугларахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа.
Тиймээс улс төрийн намууд цахим хэлбэрээр хуралдан, гишүүдээсээ санал авч, мөрийн хөтөлбөрөө баталж байгаа нь энэ юм.
Хурлын явцын талаар эргэн мэдээлэх болно.