Засгийн газар БНХАУ-аас 105 ажилчин Монгол Улсад оруулж ирнэ. Тэд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг шинэчлэн барина гэж Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан саяхан мэдэгдсэн. Засгийн газар ч бас энэ асуудлыг дэмжсэн ч ард түмэн илэрхий эсэргүүцсэн юм. Сөрөг хүчин болох Ардчилсан намаас энэхүү асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж "Дэлхий нийтээрээ COVID-19 вирусийн цар тахалтай тэмцэж, улс үндэстэн бүр хариуцлагаа өндөржүүлэн, эх орон, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр зүтгэж байна. Ийм хүнд үед Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас 105 ажилчин оруулж ирэх шийдвэр гаргасан нь туйлын бодлогогүй бөгөөд хариуцлагагүй шийдвэр боллоо” гэсэн юм.
Өнөө хүртэл цар тахлын голомт болсон БНХАУ-д байдал бүрэн тогтворжоогүй, цар тахлын хоёр дахь давлагаа Европ тивээс Ази руу дахин шилжих магадлалтай байгааг ДЭМБ анхааруулж байна. Тиймээс энэ асуудал зөвхөн Монгол-БНХАУ гэсэн хоёр улсын асуудал бус дэлхий нийтийнх болоод байна.
Монгол Улсын Засгийн газар хилээ хааж, олон улсын нислэгээ бүрэн зогсоож, гадаадын аль ч улсын иргэдийг хүлээн авахгүйгээ мэдэгдэж байсан ч энэхүү шийдвэрээ хөсөр хаян тахлын голомтот бүс нутгаас 105 хятад ажилчин оруулж ирэх эргэж буцсан, хариуцлагагүй шийдвэр гаргасныг Ардчилсан нам эрс эсэргүүцсэн. АН болон иргэд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан Засгийн газар “шахалтад” орж өчигдөр шуурхай хурал зарлан дараах шийдвэрийг гаргав.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Гадаадын ажиллах хүч авах шийдвэр гаргасан байсан. Хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү журамлах шаардлага гарч байгаа учраас хэсэг хугацаанд гадаадаас ажиллах хүчин авахгүй байхаар шийдвэр гаргаж, хойшлууллаа” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдэв. Ийнхүү коронавирусийн дэгдэлттэй үед 105 хятад ажилчинг чартер нислэгээр оруулж ирэн Дарханы замыг бариулах гэсэн Засгийн газрын шийдвэр цуцлагдав. Уг нь Дарханы замыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр жилийн өмнө сүржин нээж 5 хятад компанид тендерээр барих эрхийг нь шилжүүлсэн боловч хугацаандаа замаа барьж амжаагүй төдийгүй зам хуулахаас өөр ажил огт хийгдээгүй гэх шүүмжлэлийн хүлээсэн. Нэгэнт хүлээсэн үүргээ биелүүлж замаа барьж чадаагүй байж ийм онцгой үед заавал 105 хятад ажилтан авчирна гэдэг нь цаг үеэ олоогүй, мар сөрөг тусах шийдвэр байлаа гэж олон нийт эрс дэмжихгүй байгаагаа илэрхийлцгээж байв. Тиймээс ч Засгийн газар гаргасан саналаа арга буюу татахаас аргагүйд хүрсэн үү.