БОР ШУВУУ: МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн “нэр дэвшихгүй” гэх мессеж ямар учиртай вэ

БОР ШУВУУ: МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн “нэр дэвшихгүй” гэх мессеж ямар учиртай вэ

2020 оны УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 24-ны өдөр товлогдоод байна. Гэвч дэлхийн 170 гаруй оронд тархсан коронавирусийн улмаас энэ жилийн сонгууль хойшилж магадгүй гэх мэдээлэл бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4 дээр хэрвээ онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан.

-БҮТЭН ХОЁР ЖИЛ ТОЙГЛОСОН ТОЙРГООСОО ТАТГАЛЗАХ
ШАЛТГААН БИЙ ЮУ-

Мэдээж, сонгууль хойшлох нь эрх баригчдад ашиггүй. Учир нь тэд эдийн засгийн хүндрэл, иргэдийн сэтгэл зүй, өвчний эрсдэлийг удаан хугацаанд барьж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Хэрэв чадахгүй бол намын нэр хүнд нь төсөөлснөөс доош унах учир сонгуулийг цаг хугацаанд нь зохион байгуулах нь эрх баригчдад ашигтай юм.

Ямартай ч энэ сарын 25-ны өдөр намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газарт хүргүүлж, хянуулах юм. Тиймээс МАН ирэх даваа гаригт Бага хурлаа онлайнаар зохион байгуулж мөрийн хөтөлбөрөө ярилцана гэх мэдээлэл байгаа юм.

Мөн тус нам гишүүдийнхээ рейтингийн судалгаатай танилцсан бөгөөд тойрогтоо нэр хүнд муу байгаа нөхөддөө сануулга өгсөн гэдэг. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг жагсаалттай танилцсаныхаа дараа “Нэр хүнд нь муу гишүүд тойрогтоо сайн ажиллаарай. Одоо бидний муудалцах цаг биш. Бүгд хичээх ёстой” гэж хэлсэн гэдэг. 

Хэдийгээр намын дарга нь ийм зөөлөн хандсан ч тус нам УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Б.Батзориг, Н.Номтойбаяр, Д.Ганболд нарын хүмүүсийг дэвшүүлэхгүй байхаар аль эрт тохирсон гэдэг.

Мөн тус нам ЖДҮХС-аас зээл авч нэр хүнд нь унасан гишүүдээ УИХ-д нэр дэвшүүлэхгүй авч үлдэн Засгийн газрын гишүүнд томилохоор ярилцсан ч гэх мэдээлэл бий. ЖДҮ-тай холбогдсон муу нэртэй учир УИХ-д нэр дэвшээд хэрэггүй, гэхдээ хоосонгүй сайд болно гэсэн яриа явж байгаа аж.

Тодруулбал, энэ ярианы дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр УИХ-д нэр дэвшихгүй энэ удаадаа өнжихөөр болсон гэх мэдээлэл байгаа юм.

Д.Амарбаясгалангийн хувьд бүтэн хоёр жил Говь-Алтайг тойглосон. Бүх сумдад иргэдтэй уулзалт хийж, бэлэг сэлт, морь тараасан. Тэнд эрх мэдлээ баталгаажуулахын тулд Засаг даргаар нь ажиллаж байсан С.Гансэлэмийг огцруулж В.Рэнцэндоржийг хүртэл томилуулсан.

Харин В.Рэнцэндорж нь Говь-Алтайд Д.Амарбаясгалангийн хүчийг нэмэгдүүлэх, хүрээллийг бий болгох ажлыг сайн хийсэн гэдэг. Гэвч эцэст нь өөрөө  хүн амины хэрэгт нэр холбогдож түүнчлэн өмнө нь хэд, хэдэн зодооны цохионы хэрэг хийж тэнсэн харгалзах ял хүртэл авч байсан нь саяхан сөхөгдөж аймгийн Засаг даргаасаа огцорсон.

В.Рэнцэндоржийн хэрэгтэй холбоотойгоор Д.Амарбаясгалангийн нэр хүнд хүртэл хамт унасан. Энэ мэт асуудал нь түүнийг нэр дэвшихгүй гэх шийдвэрт хүргэсэн байж болно. Гэхдээ Д.Амарбаясгалан нийгэмд “Би нэр дэвшихгүй” гэх мэдээлэл шидэж асуудлыг намжаачихаад сонгуулиар гэнэт гарч ирж мэдэх л юм.