“Эрдэнэт” үйлдвэрийн олборлолтоос үүсдэг цагаан тоос иргэдийн эрүүл мэндэд хор нөлөө учруулж байгаа талаар орон нутгийнхан олон жилийн хугацаанд асуудал хөндөж ирсэн. Гэвч, энэ асуудал одоо ч шийдэгдээгүй байна. Тэгвэл, цагаан тоосноос болж хохирсон иргэд өнөөдөр МАН-ын төв байрны гадаа жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Иргэдийн төлөөлөл “Орхон аймгийн 30 мянган иргэн нэгдээд байна. Цагаан тоосны нөхөн олговрыг олгох ёстой гэж бид үзэж байгаа. Цагаан тоосны асуудал нийт 800 мянган га талбайг хамардаг. Тоос иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлж байна. Асуудал байна. Түүнээс бид хоосон улстөр хийж яваа зүйл биш. Цагаан тоосны нөлөөнд олон жил амьдарсан иргэд хавдраар өвдөж, яахаа мэдэхгүй байна. Намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулж байгаа үед бид зориуд сануулж байна. Иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг өнөөдөр МАН-д хүргүүлж байна” гэлээ.