Сүүлийн өдрүүдэд хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл ихэсч байгаатай холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОБЕГ, ЦЕГ, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Ойн газар хамтарч өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ.
-ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ЯНДАНД ХУРАЛДСАН ӨВСӨНД ХАЛАЛТ ҮҮССЭНЭЭС ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧ БАЙНА-
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хэсгийн ахлагч, хошууч М.Баянмөнх: Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 онд гэмт хэргийн шинжтэй 68, зөрчлийн шинжтэй хоёр гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгаж шийдвэрлэсэн байна. Энэ оны байдлаар гэмт хэргийн шинжтэй 48, зөрчлийн шинжтэй дөрвөн гомдол мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэсэн байна. Дээрх гомдол мэдээллүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь ил задгай гал гаргасан, үнс асгасан эсвэл дутуу унтраасан тамхи, шүдэнз, автомашин техник хэрэгслийн янданд хуралдсан өвсөнд халалт үүссэн зэрэг шалтгаан буюу иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж ой хээрийн түймэр гарч байна гэдэг дүгнэлт гарсан. Дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар зүйлчилсэн байдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7-д “Шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч хүний амь нас хохирсон, хүний биед хохирол учирсан, их хэмжээний хохирол буюу 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан бол 1-5 жил хүртэл хорих ял шийтгэх” заалттай. Гал түймрийг санаатай тавьсан тохиолдолд хохирол шаардахгүйгээр дээрх үйлдэл нь гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байдаг. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.14 дээр иргэн хуулийн этгээд нь галын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хууль дүрмийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр гаргуулж иргэнийг 100 мянган төгрөг, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.